Амжилтанд хүрсэн хүмүүс “хорин настайдаа” юу хийж байсан бэ?

2014 оны 11 сарын 04

Амжилтанд хүрэхийг хүсвэл амжилттай яваа хүмүүстэй ойр бай гэдэг. Тэр тусмаа хорь гаруйхан настай залуу хүмүүсийн хувьд амьдралын чиглэл, зүг чигээ олоход хүндрэлтэй зүйл их тохиолддог билээ. Тэрхүү эгзэгтэй үедээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн агуу хүмүүсийн түүхээс үлгэр жишээ авах нь зүйтэй юм. Та бидний сайн мэдэх Опра Уинфри, Стив Жобс, Билл Гейтс зэрэг алдартнууд хорин насандаа чухам ямар алхам хийснээр өнөөдрийн амжилтанд хүрсэн юм бол? Энэ талаар дараах нийтлэлээс дэлгэрэнгүй уншаарай.

Марта Стьюарт шиг “Өөр өөр салбарт хүч сорьж үзэх”

Бизнесийн салбарт ихээхэн амжилт олсон хатагтай Марта Стьюарт анх фото модель байсан бөгөөд удалгүй “Wall Street”-д түүхий эдийн арилжаа хийж эхэлжээ. Энэ нь түүнийг хоолны бизнест татагдан орж өөрийн нэрээр нэрлэсэн брэндээ гарган гялалзсан амжилтанд хүрэхийн үндэс болсон аж. Тэрбээр залуудаа ийнхүү алдаж оносон ч бууж өгөлгүй өөрийнхөө жинхэнэ замыг олохын тулд олон зүйлийг туршиж үзсэн нь амьдралын томоохон туршлага болж өгчээ. Тиймээс та яг ямар салбарт хүч сорихоо хараахан олж чадаагүй бол эрлээ бүү зогсоогоорой.

Опра Уинфри шиг “Цуцалтгүй хөдөлмөрлөх”

Телевизийн супер од Опра Уинфри байр сууриа олохын тулд их олон газар ажиллаж байжээ. Тэрбээр коллежоо төгсөөд Нашвилл, Теннесси, Балтимор, Мэриленд зэрэг мужид сурвалжлагчаар ажиллаж дадлага туршлага хуримтлуулсан байна. Ингэж таван жилийг үдсэний дараа Балтиморт анхныхаа шоугаа нээж 8 жил хөтөлжээ. Мөн түүний дараа Чикаго хотод өглөөний нэвтрүүлэг хөтөлдөг байв. Харин алдарт “Опра Уинфригийн шоу” 1986 оноос гарч эхэлсэн нь түүнийг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж эхэлснээс 15 жилийн дараа байсан юм.

Тим Аллен шиг “Хамгийн хэцүү нөхцөл байдлаас оргил руу тэмүүлэх”

АНУ-ын алдарт инээдмийн жүжигчин Тим Аллены ирээдүйг залуугийн алдаа нь бүрэн өөрчилжээ. Тэрбээр 1978 онд хар тамхины хэргээр баривчлагдан хоригдсон удаатай юм. Тэр хүнд хэцүү үед Тим өөрийгөө өөрчилж заавал амжилтанд хүрэхээ тангарагласан бөгөөд энэ зорилгоосоо няцалгүй явсаар өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. Тиймээс алдаа гаргах нь гол биш, түүнийгээ давтахгүйн төлөө хичээж суралцах нь л чухал юм.

Келли Рипа ба Марк Конселас нар шиг “Амьдралын ханиа зөв сонгох”

АНУ-ын дэлгэцийн од Келли Рипа, Марк Конселас нар 1996 онд хорь гаруй насандаа хуримаа хийжээ. Тухайн үед Келли амжилтынхаа гарааг “Regis and Kelly” шоугаар, харин Марк “All My Children” нэвтрүүлгээр эхэлсэн түүхтэй. Бие биесээ ойлгон дэмждэг, амьдралын жинхэнэ ханиа олсон хүмүүс амжилтанд хүрэхэд илүү дөхөм байдаг ажээ. Иймд амьдралын хамтрагчаа сонгох эгзэгтэй үедээ яваа залуус маш няхуур нухацтай байх хэрэгтэй.

Стив Жобс шиг “Өөрийгөө боловсруулах”

Сургууль бол мэдээж ирээдүйн амьдралын хөтөч болсон газар билээ. Гэхдээ зарим хүний хувьд тийм биш ч байж болох. Стив Жобс сурч байсан “Reed College”-оо орхиж Стив Вознякийн хамт гаражаас “Apple” компаниа эхлүүлсэн аж. Тэрээр 2005 онд Стэнфорд их сургуулийн төгсөгчдөд хандаж үг хэлэхдээ “Би коллежид 6 сарын турш сурсан боловч тэндээс өөрт хэрэгтэй нэг ч зүйлийг олж хараагүй. Харин эцэг эх минь надад боловсрол олгохын төлөө байгаа бүхнээ зориулж байсан. Тиймээс би сургуулиа орхиж, сонирхолгүй өнгөрөх өдөр хоногуудыг өөрчлөхөөр шийдсэн. Тухайн үед маш их айж байсан ч одоо эргээд харахад тэр бол амьдралын минь хамгийн зөв шийдвэр байсан.” гэжээ.

Марисса Майер шиг “Эрсдэлтэй алхам хийж үзэх”

Марисса Майер Стэнфордын их сургуулийг төгссөнийхөө дараа 14 газраас ажлын санал хүлээж авчээ. Тэдний нэг нь “Google” компани байсан бөгөөд тухайн үед ердөө 19 ажилтантай байж. Гэсэн ч тэрбээр зориглон тэдний саналыг хүлээж авсан нь тус салбарт амжилт гарган улмаар “Yahoo” компаний захирал болохын үндэс болсон юм.

Жей Зи шиг “Хувийн бизнес эхлүүлэх”

Шон Картер олон жилийн турш Жей Зи хэмээх нэрээр реппер хийсэн ч найзынхаа хамт “Roc-A-Fella Records” студиэ байгуулах хүртэл олны танил болж чадаагүй байна. Хэрэв тэр үед ийнхүү хувийн студиэ байгуулаагүй бол өнөөдөр дэлхийн шилдэг репперүүдийн эгнээнд бичигдэхгүй ч байсан байж болох юм.

Уоррен Баффет шиг “Хадгаламжийн хүүг ухаалгаар ашиглах”

Залуу хүмүүс хадгаламжийг төдийлөн анхаарч үздэггүй. Гэтэл хорин наснаасаа хойш жилд бага багаар нэмэгдүүлсээр тэтгэвэрт гартлаа хуримтлуулсан хадгаламжийн хүү хэр их болохыг төсөөлж байна уу. Америкийн бизнесмэн Уоррен Баффет бол үүнийг бодит үйл ажиллагаа болгосон хүн юм. Тэрбээр коллежид байхаасаа л хадгаламж нээж олон жилийн хуримтлал үүсгэсэн бөгөөд залууст хамгийн чухал зүйл бол хувийн эзэмшилтэй болох юм хэмээн захижээ.

Говард Шульц шиг “Худалдаа эрхэлж үзэх”

Худалдаа арилжаа хийснээр хүн амьдралын арвин туршлага хуримтлуулах боломжтой. Тухайлбал хүнтэй зөв боловсон харьцах, тооцоо хийх, овсгоо самбаатай байх гэх мэт. “Starbucks” компаний гүйцэтгэх захирал Говард Шульц залуудаа “Xerox” компаний худалдааны ажилтан байжээ. Энэ ажил түүнийг анх кофены бизнесийн талаар бүхнийг суралцаж өнөөдрийн байр сууринд хүрэх үүд хаалгыг нээсэн байна.

Кондолиза Райс шиг “Сайн зөвлөгчөө олох”

Улсын нарийн бичиг болохоос олон жилийн өмнө Кондолиза Райс Денверийн их сургуульд доктор Йозеф Корбелоор хичээл заалгадаг байжээ. Багшийнх нь манлайлагч байдал Райсыг улс төрийн замаар замнахад нь ихээхэн түлхэц болжээ. Тэрбээр багштайгаа үргэлж холбоотой байж докторын зэрэг хамгаалах, төрийн байгууллагад ажиллах зэрэг олон тал дээр туслалцаа авсны ачаар гайхамшигтай амжилтанд хүрсэн аж.

Эрик Шмидт шиг “Сургуульд сурах”

Зарим хүний амжилтын түүх сургуулиа орхисноос эхэлсэн бол зарим нь насан туршдаа суралцсанаар илүү үр бүтээлтэй байх жишээтэй. “Google” компаний гүйцэтгэх захирал Эрик Шмидт бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг билээ. Түүний амжилтын нууц нь сурах үйл явцаа хэзээ ч зогсоодоггүйтэй холбоотой юм. Тэрбээр Принстоны их сургууль, Берклигийн их сургууль зэрэг томоохон сургуулиудад компьютерийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх олон ангийг дүүргэсэн байна.

Ричард Брэнсон шиг “Амралтгүйгээр ажиллахад бэлэн байх”

Зуу зуун компанийг багтаасан “Virgin Group”-ийг үндэслэгч Ричард Брэнсон хориод насандаа энэ ажлынхаа гарааг эхэлжээ. Бага залуугаасаа амралт гэдгийг мэдэхгүй ажилласнаар агуу их үйлсийг бүтээсэн түүний зөвлөгөө бол “Хөдөлмөрч, тэвчээртэй бай” юм.

Энг Ли шиг “Хүсэл мөрөөдлөө ямагт санах”

АНУ-ын чадварлаг кино найруулагч Энг Ли бүр хорин наснаасаа л энэ мэргэжлийг эзэмшихийг мөрөөддөг байжээ. Тийм ч учраас үргэлж л кино урлагтай холбогдолтой ажил хийдэг байж. Ийнхүү хүсэл мөрөөдөлдөө тууштай байснаар өнөөдрийн амжилтын эзэн болсны зэрэгцээ эхнэр нь түүнийг шантрах үед үргэлж зоригжуулдаг байна.

Билл Гейтс ба Аллен Пол нар шиг “Бизнесийн хамтрагчаа зөв олох”

Билл Гейтс ба Аллен Пол нар ахлах сургуулийн найзууд байсан бөгөөд хориод насандаа хамтарч “Microsoft” компанийг үндэслэсэн юм. Тэдний бат бэх хамтыг ажиллагаа нь хүчирхэг компани байгуулах үндэс болсон билээ. Хэдийгээр сүүлд тэд салцгаасан ч Аллен нэгэнтээ “Бидэнд гайхалтай нөхөрлөл бас хамтын ажиллагаа байсан” хэмээн дурсжээ.

Сьюз Орман шиг “Алдаагаа амжилт болгож сурах”

Санхүүгийн шилдэг зөвлөх Сьюз Орман хориод насандаа маш том гарз хохирлыг амсаж байжээ. Тэрбээр хэдэн жилийн турш зөөгч хийснийхээ дараа өөрийн ресторанаа нээхээр шийдэж хэсэг хүнтэй хамтрахаар хөрөнгө оруулалт хийсэн боловч тэд итгэлийг нь хөсөрдүүлж Орман юу ч үгүй хоцорсон байна. Энэ явдал түүнд том сургамж болж, санхүү, хөрөнгө оруулалтын талаар гүн гүнзгий судалгаа хийж улмаар мэргэжилтэн болох замд хөтөлсөн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11372
0 эможи
keyboard_arrow_up