Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ СТА цол тэмдгээ буцаан олголоо /Бичлэг/
Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжигийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр “Помогите Нам 1, 2”, “Хайрын рекорд"-д кинонд тоглож үзэгчдээс чамгүй үнэлгээг авсан. Нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж байгаа "Тусгай ажиллагаа" инээдмийн уран сайхны кинонд тоглосон Мөөжиг киноныхоо нээлтэн дээр "Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнуулсан юм.
Харин жүжигчин залуу энэхүү шагналаасаа татгалзаж Ц.Оюунгэрэл сайдыг өөрийнхөө цол тэмдгээр шагнахаар болсоноо дуулгасан. Тэгвэл өнөөдөр ССАЖЯ-нд очиж цол тэмдгээ буцаан олгожээ.
Энэ талаараа Ө.Мөнх-Эрдэнэ: "МУСТА цол тэмдгээ буцаан олголоо... Учир нь энэхүү цол тэмдэг нэгэн цаг үед уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг шагнал байлаа. Гэвч өнөөдөр хэн нь танигдахгүй юу хийсэн нь мэдэгдэхгүй хүүхдүүд урлагийн сургууль төгсөхдөө ромбоныхоо хажууд зэрэгцүүлэн зүүж төгсөх нь холгүй болжээ. Надаас их хөдөлмөрлөж ихийг бүтээсэн атлаа одоог хүртэл МУСТА цол тэмдэгтэйгээ байгаа уран бүтээлчдээ би үгүйсгэсэнгүй... Хийсэн уран бүтээлийнхээ учрыг ч олоогүй байж цээжээ балаж яваа хүүхдүүдийн өмнөөс ичэв. Ийм нэр хүндгүй болсон шагналыг зүүж явах хүсэл алга. Нэг бол үнэхээр хийсэн бүтээсэнд нь өг үгүй бол хэзээч битгий өг..."гэсэн юм.