Монгол тамирчид хилийн чанадад амжилт үзүүлэв

2014 оны 4 сарын 02

Бүгд Найрамдах Турк Улсын Самсун хотод 2014 оны 3 дугаар сарын 28 – 30-нд жүдо бөхийн Grand Prix 2014 тэмцээн болж манай улсаас Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Дашдаваагаар ахлуулсан залуучуудын шигшээ багийн эрэгтэй 8, эмэгтэй 6 тамирчин оролцов.Манай тамирчдаас 60 кг-ын жинд М.Ганболд шагналт долдугаар байр, 66 кг-ын жинд Д.Алтансүх шагналт 5 дугаар байр тус тус эзэлжээ.

Уг тэмцээн нь дэлхийн жүдо бөхийн холбооны чансаагаар хоёрт ордог томоохон тэмцээнүүдийн нэг ба энэ удаагийн тэмцээнд 44 орны 470 орчим тамирчин оролцжээ.

Манай эмэгтэй тамирчид өнөөдөр нутаг буцаж байгаа бол залуучууд Герман улсын Берлин хотноо зохиогдох олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоно. 

Мөн Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо 3 дугаар сарын 26-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хөнгөн атлеткийн ахмад мастеруудын (World Master Athletics Championships indoors – WMACi 2014) дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг, жад зээрэнцэгийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 76 настай тамирчин Төмөрбатын Цэрэндолгор төрөл бүрдээ тэргүүлэн гурван алтан медаль авлаа.

Т.Цэрэндолгор нь Монголын хөнгөн атлетикийн туршлагатай тамирчдын нэг бөгөөд өмнө нь Бразил, Европын олон оронд зохион байгуулагдаж байсан тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож алт 12, мөнгө 21, хүрэл 9, нийт 42 медаль хүртэж байсан байна. Тэрээр Мастеруудын Дэлхийн тоглолтын аварга, Ази тивийн 11 удаагийн аварга, Ази тивийн рекорд амжилтыг 7 удаа шинэчлэн тогтоож чадсан манай шилдэг ахмад тамирчдын нэг юм.

Монгол Улсаараа овоглосон 209 дугаартай Т.Цэрэндолгорын оролцсон дээрхи Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 72 орны 426 ахмад мастерууд оролцон эр зориг, тэсвэр хатуужил, хурд хүчээ сорин уралдлаа.

“Алс холын Монгол орноос олон мянган бээр газар туулан ирж оролцоод дараалан гурван алтан медаль хүртэж байгаа нь гайхамшиг. Танай орны өндөр уулс, эрс тэрс уур амьсгал, баатарлаг уламжлал нь ийм гайхамшигтай сайхан тамирчНыг төрүүлэн илгээж Дэлхийн мастеруудын тэмцээнийг улам сонирхолтой болголоо” гэж Дэлхийн Хөнгөн атлетикийн мастеруудын Холбооны ерөнхийлөгч Стан Перкинс манай тамирчны үзүүлсэн амжилтын талаар ЭСЯ-ны ажилтнуудад онцлон хэлсэн байна.

Ахмад тамирчин Т.Цэрэндолгор Дэлхийн шилдэг тамирчны хувьд Бельги Улсад зохион байгуулагдах Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Будапешт хотоос Брюсель хот руу мордлоо.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
989
0 эможи
keyboard_arrow_up