Ичиножёо А.Ичинноров ёкозүна М.Анандыг давж, Хакүхо уналаа
мэргэжлийн сүмогийн Аки башё буюу есдүгээр сарын башёгийн арван гурав дахь өдрийн барилдаан дөнгөж сая өндөрлөлөө. Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал өнөөдөр озеки Гойедотой барилдав. Хакүхо аварга шинэ озекид барьцны дутуугаас болж унан башёг улам сонирхолтой болголоо. Маргааш Их аварга Хакүхо гол өрсөлдөгч болоод буй маэгашира Ичиножёотой хүч үзнэ.
Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд өнөөдөр Ичиножёо А.Ичинноров барилдав. Дээд зиндааны шинэ бөх Ичиножёо Какүрюү М.Анандтай барилдахдаа зайлж татаж давсанаар, 12 даваа нэг унаатай болж Хакүхо аваргын гол өрсөлдөгч боллоо. Энэ хоёр бөх маргааш хоорондоо барилдаж энэ сард хэн нь түрүүлэхээ шийдэх маш сонирхолтой барилдаан болох гэж байна.
Дээд зиндааны шинэ бөх А.Ичинноров сүмогийн түүхэнд шинэ амжилт тогтоосоор байгаа. Хоёр озекиг дараалан хаясан бол ёкозүна цолтонг хаясан анхны бөх боллоо.
Энэ сарын башёг Хакүхо их аварга, маэгашира Ичиножёо нар тэргүүлж байна.