Евро-2020-ийг хүлээж авах хотуудын нэрс өнөөдөр тодорно
Европын хөлбөмбөгийн холбоо 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээнийг хүлээж авах хотуудын нэрсийг өнөөдөр тодруулна. Ёслолын ажиллагаа женев хотноо болох бөгөөд шигшээ тэмцээнийг хүлээж авах хүсэлтээ ирүүлсэн 19 холбоо, хотоос 13-ыг нь сонгож авах юм. ЕХХ 2012 онд хуралдаад Европын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан, 2020 оны тэмцээнийг өмнөх шиг 1-2 улсад биш, олон улсын олон хотуудад хуваан явуулах шийдвэр гаргасан нь ийнхүү хэрэгжиж байгаа юм. 19 холбоог төлөөлсөн 19 хот 12 стандарт багцын төлөө /хэсгийн гурав, 1/8, 1/4 шигшээгийн нэг тоглолт хүлээж авах эрхтэй/ өрсөлдөж байгаа бол аз нь шовойсон нэг холбоонд хагас шигшээ болон шигшээ тоглолтыг хүлээж авах эрхийг өгнө. Стандарт багцын төлөө Санкт Петиербург /ОХУ/, Баку (Азербайжан), Минск (Беларусь), Брюссель (Бельги), Софи (Болгар), Копенгаген (Дани), Скопье (Македон), Будапешт (Унгар), Иерусалим (Израиль), Ром (Итали), Амстердам (Голланд), Дублин (Ирланд), Бухарест (Румын), Глазго (Шотланд), Бильбао (Испани), Стокгольм (Швед), Кардифф (Уэльс) хотууд өрсөлдөж байгаа бол хагас шигшээ болон шигшээ тоглолтуудыг хүлээж авахаар Лондон, Мюнхен хотууд өрсөлдөж байна. Энэ хоёрын ялагдсан нь мөн стандарт багцын төлөө өрсөлдөх эрхтэй хоцрох юм.