Допинг илэрсэн гурван бөхийн нэр хэний хэн бэ?
Улсын наадамд тав давж, шөвгөрсөн бөхчүүдээс жил бүр сэргээшийн шинжилгээ авдаг уламжлалтай. Энэ жилийн баяр наадмын дараа ч шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авч, БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн Допингийн хяналтын төв лабораторид явуулжээ.
Шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ирсэн бөгөөд шинээр улсын цол хүртсэн гурван бөх сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Одоогоор бөхчүүдээс авсан сэргээшийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн холбоонд ирээгүй байгаа аж.
Допинг илэрсэн гурван бөхийн нэр хэний хэн бэ? Монголын ард түмний үеийн үед хайрлаж, дээдэлж ирсэн үндэсний бөхийн спорт утгаа алдаж гүйцжээ. Найраа нэртэй авлигын гэмт хэрэг, сэргээш хоёрт дөрлүүлсэн бөх нэртэй ийм жалга довны спортоор ч яах юм.
Монгол бөх олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ирээдүйгүй хэрнээ ядаж сумо шиг хөгжихгүй нь цаанаа ийм л учиртай байж гэж шүүмжэлдэг хүмүүс ч багагүй байна. Харин энэ жилийн Үндэсний их баяр наадамдаар түрүүлсэн найман бөхийн гурав нь сэргээш хэрэглэсэн болж таарч байна.
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд цол хүртсэн бөхчүүдийг танилцуулж байна.
Улсын арслан цол:
- Увс аймгийн Ховд сумын харьяат "Увснуур" дэвжээ, ТЭЦ-3, "Химон" констракшны бөх улсын харцага Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, улсын арслан цолны эзэн болсон.
Улсын гарьд цол:
- Завхан аймгийн Идэр сумын харьяат Засагт ханы "Завхан" дэвжээ, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, "ЗД" констракшны бөх улсын өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайхан улсын наадамд үзүүрлэж, гарьд цол хүртэв.
Улсын харцага цол:
- Ховд аймгийн Чандмань сумын харьяат "Аврагч" спорт хороо, "Ховд" дэвжээ, "Нью" прогресс группийн бөх улсын начин Баатархүүгийн Пүрэвсайхан.
Улсын начин цол:
- Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, "Багануур" ХК, Акс херо компаний бөх аймгийн хурц арслан Ч.Батчулуун,
- Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат "Хилчин" спорт хороо, ХЦ-0311-р анги, "Хантайшир" дэвжээний бөх аймгийн арслан Б.Суманчулуун,
- Архангай аймгийн Тариат сумын харьяат "Алдар" спорт хороо, "Бөхбилэгт" дэвжээ, "Хера холдинг" ХХК-ний бөх аймгийн арслан Найдангийн Адъяабат,
- Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Алдар" спорт хороо ЗХ-ний 325-р анги, Засагт ханы "Завхан" дэвжээ, "Тэргүүн саруул зам" ХХК-ний бөх аймгийн арслан Лхагваагийн Лха-Очир,
- Завхан аймгийн Алдархаан сумын харьяат "Алдар" спорт хороо ЗХ-ний 017-р анги, Засагт ханы "Завхан" дэвжээ, "Сандэй" группийн бөх цэргийн арслан Базаргүрийн Бадамсүрэн нар улсын начин цол хүртэв.