МХБХ-ны Супер Цом ба “5000 бөмбөг” төсөл хэрэгжүүлнэ
Монголын хүүхэд залуучуудын хөлбөмбөг сайн тоглож сурах, хөлбөмбөгөөр амжилт ялалтанд хүрэх өнө мөнхийн хүсэл эрмэлзэлд нийцүүлж, Монголын Хөлбөмбөгийн Холбооноос “Хүүхэд – хөлбөмбөг – ирээдүй” хөтөлбөрийн “Албан ёсны түнш” байгууллага “MCS Coca Cola” компанитай хамтран “5000 бөмбөг” төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэ төслийн дэмжиж Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн Хөлбөмбөгийн Холбоо /AFC/, Азийн Хөлбөмбөгийн Хөгжлийн хөтөлбөр /AFDP/, “Хөлбөмбөг ба нэг ертөнц /One World Football-OWF/” төслийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм байна. Уг төслөөр улсын хэмжээний ерөнхий боловсролын 800 гаруй дунд сургуульд хөлбөмбөгийн бөмбөг болон хөлбөмбөгт суралцах гарын авлага ном түгээх аж. 5000 бөмбөгийг Монгол улсын Боловсролын Яаманд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2014 оны 9 дүгээр сарын 14-ний Ням гарагийн 12:00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны “Цэнгэлдэх хүрээлэн”-д болж, бяцхан хөлбөмбөгчдийн үзүүлэх тоглолтууд болох юм байна. Тус арга хэмжээг МХБХ-ны “Албан ёсны түнш” “Эм-Си-Эс Кока Кола” компанитай хамтран зохион байгуулах ба “Цэнгэлдэх хүрээлэн”-д хүрэлцэн ирсэн хүүхэд бүхэн бэлэг өгч мөн өдрийн 13:00 цагаас МХБХ-ны “Албан ёсны түнш” байгууллага “АПУ” ХК-тэй жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Супер цом”-ын тоглолт “Нийслэл лиг”-ийн аврага “Хоромхон” клуб ба “Боргио цом”-ын аврага “Эрчим” клубүүдийн хооронд явагдах юм. Хаалтийн ажиллагааны үеэр ТАТАР хамтлаг нийт цугласан хөлбөмбөг сонирхогчиддоо ая дуугаа өргөн барих гэнэ.