Аваргуудын лигийн сугалаа харьцангуй зөөлөн боллоо
Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд дуусч, шигшээ 32-т өрсөлдөх багийн хэсэгт хуваагдах сугалаа өнгөрсөн пүрэв гаригт Францын Монакод боллоо. “Атлетико Мадрид”, “Реал Мадрид”, “Бенфика”, “Арсенал”, “Барселона”, “Челси”, “Бавари Мюнхен”, “Порто” нар хэсэг толгойлохоор болсон. Хоёрдугаар сагсанд томчуудаас “Боруссиа”, “Манчестер Сити”, “ПСЖ” нар орсон. Харин гуравдугаар сагсанд “Ливерпуль”, “Аяакс” зэрэг багууд орсон байлаа. “А” хэсэгт Испаний Ла лигийн аварга “Атлетико”-гийн араас Италийн Сер-А-гийн аварга “Ювентус”, Грекийн аварга “Олимпиакос”, Шведийн тэргүүн баг “Малмо” нар оров. “В” хэсэгт “Реал”-ын хойноос “Базель”, “Ливерпуль”, “Газград” жагсав. Энэ хэсгийн хамгийн сонирхолтой тулаан “Ливерпуль”, “Реал” хоёр дунд өрнөх болов уу. Энэ хоёрын тоглолтыг олон хүн хүлээж суугаа даа. “С” хэсэгт тун тэнцүүхэн багууд багтав. “Бенфика”, “Зенит”, “Монако”, “Байер” дөрвийн аль нь хэсэг тэргүүлэх бүрэн боломжтой жигдхэн багууд юм. Харин “D” хэсэгт “Арсенал”, “Дортмунд”, “Галатасарай” гурвын дунд өрсөлдөөн өрнөх учиртай. Гэхдээ Бельгийн “Андерлехт” “зөөлөн боорцог” биш. Энэ жилийн хувьд хамгийн чанга хэсэг нь “Е” болов уу. Энд “Бавари”, “Манчестер Сити”, “ЦСКА”, “Рома” дөрөв орсон. Өнгөрсөн улиралд “Бавари”, “Манчестер Сити”, “ЦСКА” гурав нэг хэсэгт орж байлаа. Энэ удаа Италийн том багуудын нэг “Рома” нэмэгдсэн нь өрсөлдөөнийг улам ширүүн болгох учиртай. “F” хэсэгт “Барса” тун боломжийн учраануудтай орсон. Харин хамгийн зөөлөн хэсгээр “H” нэрлэгдэнэ. Энд “Порто”, “Шахтёр”, “Атлетик Билбоа”, “Бате Борисов” нар өрсөлдөнө.
“А” хэсэг
“Атлетико Мадрид” (Испани), “Ювентус” (Итали), “Олимпиакос” (Грек), “Малмо” (Швед)
“В” хэсэг
“Реал Мадрид” (Испани), “Базель” (Швейцарь), “Ливерпуль” (Англи), “Газград” (Болгар)
“С” хэсэг
“Бенфика” (Португал), “Зенит” (ОХУ), “Байер Леверкузен” (Герман), “Монако” (Франц)
“D” хэсэг
“Арсенал” (Англи), “Дортмунд” (Герман), “Галатасарай” (Турк), “Андерлехт” (Бельги)
“Е” хэсэг
“Бавари” (Герман), “Манчестер Сити” (Англи), “ЦСКА” (ОХУ), “Рома” (Итали)
“F” хэсэг
“Барселона” (Испани), “ПСЖ” (Франц), “Аяакс” (Голланд), “Апоэл” (Кипр)
“G” хэсэг
“Челси” (Англи), “Шальке 04” (Герман), “Спортинг” (Португал), “Марибор” (Словен)
“Н” хэсэг
“Порто” (Португал), “Шахтёр” (Украин), “Атлетик Билбоа” (Испани), “Бате Борисов” (Беларус)