Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Мөнгөнтуул мөнгөн медаль хүртлээ
Польшийн Катовиц хотноо өчигдөр болсон шатрын оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Завхан аймгийн тамирчин, Их мастер Батхуягийн Мөнгөнтуул (2410) 6.0 оноогоор мөнгөн медаль хүртсэн байна.
Олон улсын 18 цолтонтой, нийт 26 шатарчин есөн өрөг тоглосноос Польшийн Кладиа Кулон (2301) 8.5 оноогоор алтан медаль хүртсэн бол Б.Мөнгөнтуул, БНХАУ-ын Дин Ишин (2449) нар 6.0 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Харин чансаагаараа зургаад эрэмбэлэгдсэн Сэлэнгэ аймаг, “Бороо гоулд” ХХК-ийн тамирчин, Их мастер, Алтан-Өлзийн Энхтуул (2300) 3,5 оноогоор 22-р байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.
14 их мастер цолтой бүхий 46 эрэгтэй шатарчдыг чансаагаараа тэргүүлсэн ОХУ-ын Халимагийн их мастер Сугиров (2449) 6.5 оноогоор алтан медаль хүртлээ. Манай шатарчдаас их мастер Ц.Батчулуун (2513) 6,0 оноогоор шагналт V байрт шалгарсан бол олон улсын мастер Г.Мөнхгал (2418) 5.0 оноогоор XVIII, спортын мастер Б.Галмандах 4.0 оноогоор XXX байр эзэллээ.