"Нийслэл лиг-2014" 33 дахь тоглолт болж байна
Үндэсний “Нийслэл лиг-2014” тэмцээний 33 дахь тоглолтод 20 оноогоор хүснэгтийн 3-р байрт бичигдээд буй “Улаанбаатар” Их Сургууль баг “Улаанбаатарын Мазаалайнууд” багтай оноолт таарч тоглолоо. Тоглолтын эхнээс л “Улаанбаатар” Их Сургууль багийнхан давамгай байж 3 дахь минутад эхний гоолыг Т.Доржрагчаа орууллаа. Үүний дараа 10 ба 15 дахь минутад М.Батхишиг дубль хийж тооны харьцааг 3:0 болгосон. “Улаанбаатар” Их Сургууль багийн легионер тоглогч Масахару Катаоке /Япон/ 29 болон 41 дэхь минутад тус тус гоол оруулсан. Харин 34 дэх минутад “Мазаалай” багт пенальти цохих боломж гарсан боловч Баянжаргал ашиглаж чадалгүй алдсан бол 36 дахь минутад “Улаанбаатар” Их Сургуулийн Чанцал торгуулийн талбайд алдаа гаргаж, “Мазаалай” багт дахин нэг чөлөөт цохилт хийх боломж гарсан ч тэд бас л гоол болгож чадсангүй. Тоглолтын 37 дахь минутад “Улаанбаатар” Их Сургууль багийн Т.Доржрагчаа хажуугийн цохилтыг маш амжилттай гүйцэтгэсэн ч хаалганы шон мөргөлөө. Харин энэ тоглолтын хеттрикийн эзэн Масахару Катаоке 41 ба 69 дэх минутад өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийж 7:0 харьцаагаар “Улаанбаатар” Их Сургууль баг ялалт байгуулж, нийт 23 оноогоор хүснэгтийг тэргүүлж эхэллээ.
УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ 7:0 УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД
ГООЛ: Т.Доржрагчаа 3’, 20’, М.Батхишиг 10’, 15’, Масахару Катаоке 29’, 41’, 69’
ШАР ХУУДАС: М.Чанцал 36’,