Хүйтэн бороо орсон ч, “Хүслийн лиг” үргэлжилсээр
15 хүртэлх насны ангилал:
Тоглолт №10
ДЭРЭН 2:2 АРВИС
Хэдийгээр хүйтэн бороо асгарч байсан ч, учраа таарсан “Дэрэн” – “Арвис” багууд тоглолтоо хийлээ. Тоглолт эхлээд 2 минут өнгөрч байхад “Арвис” багийн Э.Мөнгөнбагана эхний гоолийг оруулсан бол үүнээс ердөө нэг минутын дараа буюу 3 дахь минутад “Дэрэн” багаас Б.Энхтулга хариу барьж өрсөлдөгчийнхөө хаалганд гоол орууллаа. Гэвч эхний хагас дуустал багууд ахиж гоол оруулж чадалгүй 1:1 харьцаатай тэнцээгээр. Тоглолтын 2-р хагаст “Арвис” баг эрчимтэй довтолгоонуудыг хийж байсан бол “Дэрэн” баг хамгаалалтандаа анхаарах тактик баримталсан байлаа. Гэсэн хэдий ч, “Арвис” багийн довтолгоон төдийлөн амжилт олохгүй байлаа. Харин 45 дахь минутад “Арвис”-ийн Э.Мөнгөнбагана дахин нэг гоол оруулж, тооны харьцааг 2:1 болгон тоглолтыг хошуучилж эхэлсэн боловч, тоглолтын цаг дуусахаас 2 минутын өмнө “Дэрэн” баг Ж.Болорсүхийн гоолоор тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн.
17 хүртэлх насны ангилал:
Тоглолт №5
ДЭРЭН 10:1 ХАСУМЕГАВАТ
Тоглолтын эхнээс л “Дэрэн” клуб илт давуу тоглолт үзүүлж, тоглолтын санаачилгыг гартаа авч эхэлсэн бөгөөд 3 дахь минутад Б.Амарболд эхний гоолоо, 29 дэх минутад 2 дахь гоолоо оруулсан. Харин “Хасу Мегаватт” багаас 35+1 дэх минутад О.Буянбаатар нэг гоол оруулсан нь тэдний цорын ганц гоол байсан. Тоглолтын сүүлийн 2-р хагас “Дэрэн” клубийн гоолын шоу үзүүлсэн тоглолт болсон гэж хэлж болно. А.Тэмүүжин 47 ба 50, Ам.Тэмүүжин 80, 44 ба 58, П.Энхбаяр 60, 62 ба 65 дахь минутад тус тус хеттрик хийсэн нь үзэгч дэмжигчдийг үнэхээр гайхшруулж чадсан. Ийнхүү хөлбөмбөгийн спортын тэмцээн уралдаан салхи, бороо гээд цаг уурын ямар ч нөхцөлд явагддаг, тэсвэр тэвчээр шаардагддаг спорт учраас хүйтэн бороотой байсан хэдий ч тоглолт явагдсаар, “Дэрэн “ баг 10:1 харьцаагаар өрсөлдөгчөө илт давуугаар буулган авлаа.