Буудлагын спортын тамирчдыг хүлээн авч уулзлаа
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Дэлхийн цом”-ын тэмцээнээс алтан медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа болон Бразилийн параолимпын анхны эрх авсан З.Ганбаатар болон дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.
ХБНГУ-ын Мюнхен хотноо зохиогдсонбуудлагын спортын тэмцээнд О.Гүндэгмаа спорт гар бууны төрөлд 584 оноогоор хагас шигшээд шалгарч Алтан медалийн төлөө МУГТ,ХБНГУ-ын иргэн Д.Мөнхбаяртай өрсөлдөж 8:0 харьцаагаар илт давуу ялсан юм. Түүний амжилт үргэлжлэн Словен улсад зохиогдсон тэмцээнээс мөнгө медаль хүртсэн байна.Тэрээр “Удаан хугацааны дараа эргэж ирсэн учир буудлагын дүрэмд их өөрчлөлт гарсан байсан. Гэхдээ гуравдугаар сараас эхлэн бэлтгэлдээ гарчбэлтгэлээ сайн хийсэн. Хоёр тэмцээнд 25 онох ёстой байснаас 21 оносон. Өмнөх тэмцээнүүдэд 16-17 оносон тохиолдолд эхний байруудад шалгардаг байсан. Финалийн команд өөр байсан учир эхэндээ будилж, төөрөх тохиолдол гарч байсан. Шинэ дүрмийг бичлэгээр үзэж сандрахгүй өөрийгөө бариж чадсан учраас энэ амжилтыг үзүүлсэн” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Олон улсын буудлагын спортын холбоо нь 2013 оноос дүрмэндээ өөрчлөлт оруулан шинэ дүрмээр тэмцээнээ зохион байгуулах болсон ажээ.
Тамирчид маань бэлтгэл сургуулилтаа Батлан Хамгаалах Их Сургуулийн дэргэдэх "Аваргаас аварга" клубт хийдэг боловч байр заал төдийгүй сумны асуудал тулгамдаж буйгаа танилцуулсан юм.Түүнчлэн сүүлийн жилүүдэдбуудлагын дэлхийн томоохон тэмцээнүүдэд электрон аравч гэх төхөөрөмжийг ихээр хэрэглэх болсон. Электрон аравч хэрэглэснээр тамирчин буудсаныхаа дараа оноогоо харахын тулд дэлгэцэн дээр дурангаа тавих шаардлагагүй юм. Ийм төхөөрөмж манай улсад 10 ширхэг байдаг ч дөрөв нь эвдэрснийг засварт өгсөн гэнэ.Энэ мэт өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж манай улсад хангалтгүй байгаа аж.
УИХ-аар Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэн батлахаар зэхэж байгаа ч тус хуулийг өдийг хүртэл хэлэлцээгүй юм. “Хэрэв Галт зэвсгийн тухай хууль батлагдахгүй бол бидний бэлтгэл үнэхээр хүнд байдалд орно.Өнгөрсөн жил оруулж ирсэн сумаа дөнгөж сая авлаа, хууль эрх зүйн орчин нь байхгүй болсон” гэж дасгалжуулагчид уламжилж байв.
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл төрөөс авч хэрэгжүүлж буй хөтөлбөр арга хэмжээг танилцуулаад “Техник спортын төв төрийн өмчид шилжсэнтэй холбогдуулан тэндэхийн дотоод зохион байгуулалт, ашиглалт менежментийн асуудлаар төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна” хэмээгээд тэдэнтэй санал солилцон холдогдох газарт үүрэг өгч баяр хүргэн амжилт хүслээ.
Дашрамд дурьдахад ирэх 9-р сард Испани улсад болох ДАШТ-ээс спортын гар бууны эхний 5 тамирчин, хийн гар бууны эхний 6 тамирчинд "Рио-2016" олимпын эрх олгох ажээ.