Ёс зүйгүй авирласан тоглогч Дэвон Скоттын тоглох эрхийг он дуустал хасаж, 2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улирлын финалын цуврал өчигдөр /2025.04.21/ эхэлсэн. Энэ үеэр "Бишрэлт Металл" багийн тамирчин Девон Скотт Хасын Хүлэгүүд багийн А.Азбаярын араас цохиж унагаасан ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тодруулбал, араасаа, дагз руугаа цохиулсан А.Азбаяр талбайн голд унаж, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад байсан.
Тэгвэл Үндэсний Дээд лигийн Мэргэжлийн зөвлөл болон Лигийн ажлын хэсэг зөвлөлдөж FIBA /Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/ болон MBA /Монголын сагсан бөмбөгийн холбоо/-ны Ёс зүйн дүрэм, Үндэсний Дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах журмыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргажээ.
Дэвон Скотт нь эсрэг багийн тоглогчийн биед халдаж, спортын бус үйлдэл гаргасан тул 2025 оны дуустал Монголын сагсан бөмбөгийн холбооны тэмцээнд оролцохыг хориглож, 2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Түүнчлэн Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Азбаярыг спортын бус үйлдэл гаргасан хэмээн үзэж нэг тоглолт өнжүүлэн, 500 мянган төгрөг ногдуулахаар шийдвэрлэжээ.









