Монголын эрэгтэй дугуйчид дэлхийд 37, Азид гуравдугаарт жагсаж байна
Олон улсын дугуйн холбооноос улсуудын чансааг шинэчлэн гаргажээ.
Монгол Улсын эрэгтэй элит баг энэ удаагийн чансаагаар гурван байр урагшилж, 1047.1 оноогоор 37 дугаарт жагслаа. Ингэхдээ өмнөх чансаагаар урдаа алдаад байсан БНХАУ-ын багийг гүйцэж Азидаа гуравдугаарт эрэмбэтэй болов. Ази тивийн чансааг Казахстан тэргүүлж, Япон удаалж, Монгол топ гуравт багтаж байна. Ингэснээр манай улс шинэ он гарснаас хойш хамгийн өндөр чансаандаа хүрчээ. Дэлхийн чансааны топ 40-д Азиас таван баг багтсан нь Казахстан /27/, Япон /33/, Монгол /37/, Тайланд /39/, БНХАУ /40/ юм.
Тэгвэл дэлхийн чансааг тэргүүлэгч гурван багийн байрт өөрчлөлт гарсангүй, Бельги /20424.7/, Словен /17070.1/, Испани /15724.4/ тэргүүлж явна. Харин зургаадугаарт байсан Итали /13149.5/ хоёр байр өгсөж дөрөвт, долоодугаарт байсан Нидерланд /11968.3/ мөн хоёр байр өгсөж тавдугаарт бичигдсэн бол Дани таваас зургаа руу, /11889.8/ Франц /11576.8/ дөрвөөс долоо руу буужээ.









