Цастай уул руу гүйгч Н.Лувсаншарав тивийн аварга болжээ
Сүүлийн жилүүдэд цастай уулын гүйлт олон улсад хурдацтай хөгжиж байгаа нэгэн шинэ төрлийн спорт болсон. Цастай уулын замд тамирчдын тэсвэр, тэвчээрийг сорьдог уг спортыг сонгон хичээллэж буй тамирчдын тоо ч эрс нэмэгджээ.
Японы зүүн хойд хэсэгт байрладаг Цүмагой цанын баазад өчигдөр уулын гүйлтийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өндөрлөж, манай улсаас оролцсон Н.Лувсаншарав хошой алтан медаль хүртжээ. Тэрбээр вертикал 3.5 км, 610 метрийн зайд 28 минут 10 секундийн амжилтаар эхний алтан медалиа авсан бол классик 10 км, 850 метрийн зайд 52 минут 02 секундээр дахин түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Н.Лувсаншаравын түрүүлсэн зай бүрд зохион байгуулагч Японы тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Хоёр жилийн өмнө залуучуудын ДАШТ-д түрүүлж байсан Н.Лувсаншарав Ази, Номхон далайн аварга хэмээх шинэ амжилтыг үзүүллээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээний бэлтгэлээ Говь-Алтай аймгийн уулархаг бүсэд хийсэн байна.
Н.Лувсаншарав Ази, Номхон далайн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд түрүүлснээрээ 2025 оны финалын шатны уралдаанд оролцох эрхтэй болжээ.









