Б.Төгөлдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд IV байр эзлэв
Тайланд улсын Питсанюлок, Пичит хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо. Залуу тамирчин Б.Төгөлдөр 10.7 км-ийн уралдаанд тусгай байр эзэлж, шилдэг тамирчдын эгнээнд дахин багтлаа. Түүний хувьд 117 км-ийн бөөн гараатай уралдаанд 15-р байранд орсон юм.
Ази тивийн нэр хүндтэй тэмцээнд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорьсон өрсөлдөөнд медалийн төлөө өрсөлдөх боломжийг үзүүлсэн залуу тамирчин Б.Төгөлдөр нь Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх өсвөрийн шигшээ багт багтан бэлтгэл сургуулилтаа хийж байна. Түүний хувьд сүүлийн жилүүдэд улсын болон бүсийн чанартай тэмцээнд тогтмол амжилттай уралдаж байгаа. Б.Төгөлдөр энэ оны тивийн аварга шалгаруулах тэмцээнд онцгой байж, медальд хүрэхэд тун ойрхон байв. Тайландад түүхэн амжилт үзүүлж, өсвөрийн тамирчдаасаа ялгаран дөрөвдүгээр байр эзэлсэн Б.Төгөлдөрийг энэ онд олон тэмцээн хүлээж байна.
Ази тивийн аварга шалгаруулах дугуйн тэмцээн гуравдугаар сарын 27-оос дөрөвдүгээр сарын 3-ны хооронд болсон юм.









