8 настай А.Тулга Тайландын тэмцээнээс хос алтан медаль хүртжээ
Тайланд Улсын Хатяа хотод сарын 6-11-ны өдрүүдэд зохиогдсон олон улсын өсвөрийн теннисчдийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.
Тус тэмцээнд А.Тулга найман насны хөвгүүдийн ганцаарчилсан болон хос төрөлд түрүүлж хос алтан медалийн эзэн болсон байна.
Мөн 18 насны хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд Э.Билгүүн гуравдугаар байр, Ө.Золбадар аваргын алтан медалийн эзэн болжээ.
Харин 10 насны хөвгүүдийн хос төрөлд Б.Ананд, Ч.Мандахнар нар Солонгос Улсыг төлөөлөн оролцож буй тэмцээний 1-р эрэмбэлэгдэж байсан хостой шөвгийн наймд учраа тааран гурван сет хүчтэй өрсөлдөж аргагүй туршлага дутан хожигдсон байна. Тус насанд Солонгос Улсын тамирчид аварга болжээ. Мөн манай өсвөрийн теннисчид Т.Ачлалтөгөлдөр, Т.Үлэмжтөгөлдөр, Г.Цэцэн, А.Түшиг нар эхний тойрогтоо хожил авсан боловч 2-р тойргууддаа ширүүн учраатай таарч медальт байрт шалгарч чадсангүй.