“Парис 2024” паралимпын наадамд Монгол Улс 57 дугаар байрт шалгарлаа

2024 оны 9 сарын 09

Arslan.mn“Парис 2024” зуны паралимпын 17 дугаар наадам амжилттай болж өндөрлөлөө. Манай улс 12 тамирчинтай оролцож нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн амжилтаар 57 дугаар байрт шалгарлаа.

“Парис 2024” паралимпын наадмын хаалт өнгөрсөн ням гараг буюу есдүгээр сарын 8-ний орой өндөрлөлөө. Манай улс энэ удаагийн олимпод 57 дугаар байрт жагсаж, улсынхаа хэмжээнд түүхэн амжилтуудыг үзүүлсэн жил байлаа.

Зуны паралимпын наадамд манай улсын тамирчид нийтдээ долоон удаа оролцоход энэ удаагийнх шиг өргөн бүрэлдэхүүнтэйгээр орсон удаагүй билээ. Парисын паралимпын наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин эрх авч өрсөлдөж, тэднээс дөрөв нь медальд хүрсэн нь түүхэн амжилт болох юм.

  • Паралимпын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав аваргалсанаар паралимпын наадмын анхны алтан медальт монгол эмэгтэй тамирчин болов. Түүний хувьд ДАШТ-ээс мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмаас медаль хүртсэн билээ.
  • Удаах өдөр нь таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэнээр паралимпын мөнгөн медальт анхны монгол тамирчин болсон юм. Тэр үүнээс гадна ДАШТ-ээс таван алт, Ази тивээс таван алтан медальтай ба “Ханжоу-2022” Азийн наадмын аварга болсон тамирчин.
  • “Парис-2024” паралимпын наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга 11.9 метрийн шидэлтээр мөнгөн медаль хүртсэн нь мөн анхдагч амжилт. Тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.
  • Паралимпын сүүлийн өдөр пауэрлифтингийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 248 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Өмнө нь “Рио-2016”-гоос хүрэл, “Токио-2020”-гоос алтан медаль хүртсэн түүний медалийн цуглуулгад мөнгөн медаль нэмэгдэж, тэр паралимпын иж бүрдэл медальтай анхны монгол тамирчин болов.
  • Усанд сэлэлтийн 50 болон 100 метрийн зайд уралдсан Х.Номуун паралимпын наадамд өрсөлдсөн Монголын баг тамирчдын бүх цаг үеийн хамгийн залуу оролцогч болов. Усанд сэлэлтийн 50 метрийн зайд долоо, 100 метрийн зайд зургаадугаар байрт хурдалж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүнийг олон тэмцээн, олон паралимпын наадам хүлээж байна. Монголын пара тамирчид энэ удаагийн паралимпын наадмыг бахдал дүүрэн амжилттайгаар үдэж, эх орны зүг хөлгийн жолоо залж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658773
1 эможи

keyboard_arrow_up