Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Монголын жүдо бөхийн холбоо 2022-2024 он буюу Токио-Парис хүртэлх зуны олимпын мөчлөгийн тайлангийн хурлаа зохион байгуулж холбооны үйл ажиллагаа, шигшээ баг хамт олон дасгалжуулагчид, тамирчдын амжилт ялалт, алдаа оноон дээр дүгнэлт хийв.
Уг хуралд Холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, зөвлөх дасгалжуулагч Ч.Насантогтох, Дэд Ерөнхийлөгч Д.Цогтбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Жүдо бөхийн холбооны ажилчид, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй дасгалжуулагчид, Үндэсний шигшээ багийн тамирчид оролцлоо.
2022-2024 онд ДАШТ-д оролцсон дасгалжуулагч, тамирчин тус бүрийн дүгнэлт тайлан, 2024 оны зуны олимпын наадамд оролцсон багийн дасгалжуулагчид, тамирчдын дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Уг хурлын үеэр Токио-2020, Парис-2024 хоёр зуны олимп дараалан “Үндэсний шигшээ баг”-ийг ахлан ажилласан Х.Болдбаатар амласан зорилт болох олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан медаль Монгол улсдаа авчрах зорилго, ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзэж албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Мөн 2024-2028 онуудад өсвөр, залуучуудын ангилалд олон улсын тэмцээнийг зохион байгуулах, залгамж тамирчид дээр анхаарахаа цохон тэмдэглэв.
Эх сурвалж: Монголын Жүдо Бөхийн Холбоо