Өмнөд солонгосыг хойд хэмээн сольж зарласандаа олимпын хороо уучлалт гуйв
Олимпын нээлтийн ёслолын үеэр Өмнөд Солонгосын баг тамирчдыг зарлан дуудахдаа Хойд Солонгос хэмээн сольж зарласан. Уг алдаандаа олимпын зохион байгуулагчид уучлалт гуйв.
Тодруулбал Өмнөд Солонгосын тамирчид Сена мөрнөөр завьтай өнгөрөх үед зохион байгуулагчид тэднийг “Бүгд Найрамдах Солонгос Улс” гэхийн оронд “Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс” хэмээн англи, франц хэлээр зарласан аж.
Харин Хойд Солонгосын тамирчдыг зарлахдаа БНАСАУ хэмээн зөв дуудсан юм. Үүний дараа БНСУ-ын Спортын яамнаас Франц улсын Засгийн газарт гомдол гаргана хэмээн мэдэгдсэн байна.
Улмаар Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльтой утсаар холбогдон ийм алдаа гаргасандаа уучлалт гуйжээ.
Талууд 10 минут орчим утсаар ярьсан бөгөөд Ерөнхийлөгч Юн хариуд нь ийм зүйл болсонд харамсаж буйгаа илэрхийлээд, дахин ижил алдаа гаргахгүй байхыг хүсжээ.
Тэрбээр "Өвөл, зуны олимпын наадам, Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан улсын хувьд Өмнөд Солонгосчууд бид энэ үйл явдалд ихэд гайхширч, сэтгэл дундуур байна" гэв.
"Парис-2024" олимпын наадамд БНСУ-ыг төлөөлж 143 тамирчин 21 төрөлд өрсөлдөж байна.
Эх сурвалж: ВВС, Yonhap