БАЯРТ МЭДЭЭ: Ш.Батбаатар Дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ
Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ 4 өдрийн турш болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр 79 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ш.Батбаатар барилдаж хүрэл медаль хүртэв. Тэрээр эхний тойрогт Украйны тамирчин Юкша Дмитрийг 10-0 оноогоор ялж, Туркын шигшээ багийн тамирчин Дондер Огузад 10-0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Жонсон Эштен Генийг даралтаар цэвэр ялснаар Дэлхийн аваргын 3 дахь медалиа хүртсэн. Ш.Батбаатар олон жил тив, Дэлхий, Олимпийн наадамд жигд амжилттай барилдаж байгаа бөгөөд Дифлимпийн хошой хүрэл, ДАШТ-ий 3 хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин юм.
Манай Улсаас Ө.Ууганбаяр дасгалжуулагчтай 4 тамирчин Бишкекийг зорьсон ба 65 кг-ын жинд Дифлимпийн аварга ОУХМ Н.Эрхэмбаяр Киргизтаны тамирчинтай барилдаж 17-20 оноогоор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин 70 кг-ын жинд Д.Даваа-Очир шүүгчдийн алдаанаас болж оноолтонд нэр нь ороогүй учир дэвжээнд гараагүй. Залуучуудын шинэхэн Дэлхийн аварга Н.Батэрдэнэ насанд хүрэгчдийн ангилалд 74кг өрсөлдсөн ч медальд хараахан хүрсэнгүй. Ийнхүү сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол Улсын шигшээ багийн тамирчид залуучуудын Дэлхийн аваргын алт, насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын хүрэл медальтай эх орондоо ирэх юм.









