ТОКИО 2020: “Өөд болсон аавдаа медаль авч буй өөрийгөө харуулахыг хүсэж байна”
Токио 2020 паралимпод дүрвэгсдийн багаас оролцож буй Афганистаны уугуул 24 настай Аббас Карими төрөлхийн хоёр гаргүй юм.
13 настайгаасаа дэлхийн шилдэг усанд сэлэгчдийн нэг болохыг мөрөөдөж ирсэн тэрээр ялгаварлан гадуурхалтад өртөж ирсэн цөөхөн Хазара хүмүүсийн нэг аж. Аббас Карими террорист халдлага, ялгаварлан гадуурхалтаас болж 16 насандаа ганцаар Турк улс руу дүрвэжээ.
Ийнхүү тэрбээр сайхан сэтгэлт Америк дасгалжуулагчийн тусламжтай усан спортоор хичээллэж, Америк руу явсан ч, удалгүй Афганистанд үлдсэн аав нь өөд болсон гэх мэдээг дуулжээ.
Хүүгээ хэн бүхнээс илүү дэмжиж ирсэн аав нь өөд болсонд Аббас Карими туйлын ихээр гунигласан ч, тэр их гунигаа даван туулж дасгал сургуулилтаа чармайн хийсний үр дүнд, өнөөдөр Токиогийн паралимпийн тавцанд ирээд байна.
“Өөд болсон аавдаа медаль авч буй өөрийгөө харуулахыг хүсэж байна” хэмээн хэлэх Аббас Карими энэ сарын 27-ны өдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд өрсөлдөж 8-р байр эзэлжээ.
Гэсэн ч тэрээр “Чи төрөхөөсөө л онцгой нэгэн байсан” гэх аавынхаа үгийг санаж бууж өгөлгүй урагш тэмүүлэх аж.
Афганистанд Кабул хотыг Талибууд эзэлж, олон гэм зэмгүй иргэд эх орноосоо дүрвэж буй энэ үед тэрбээр “Медалийн тавцанд зогсож, дэлхийн бүх дүрвэгсдийг баярлуулахыг хүсэж байна” хэмээн хэлнэ.
Аббас Карими наймдугаар сарын 30-ны өдөр эрэгтэйчүүдийн 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд оролцож медалийн төлөө хүч үзэх юм.
Эх сурвалж: NHK NEWS
|