ТОКИО 2020: Хүрэл медалийн эзэн “Энэ медалиа эх орондоо зориулж байна”
Токио 2020 паралимпын эхний өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Бразил улсаас оролцож хүрэл медаль хүртсэн тамирчин Даниел Диас “Энэхүү медалиа эх орондоо зориулж байна.” хэмээн хэлнэ.
Тэрээр мөн наймдугаар сарын 26-ны өдөр 100 метрийн чөлөөт сэлэлт болон 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд өрсөлдөж хоёр хүрэл медалийн эзэн болжээ.
Даниел Диас төрөлхийн хоёр гарын шуугүй, баруун хөлний өвдөгнөөс доош хэсэг байхгүй ч үлдсэн биеийнхээ бүх хэсгийг төгс ашиглаж дэлхийн шилдэг усанд сэлэгчдийн нэг болсон юм.
Тэрбээр “Бид бусдаас өөр. Гэхдээ хүсэл, зорилго, тэмүүллийн хувьд бид бусадтай ижил. Бид хөгжлийн бэрхшээлтэй ч бусадтай эн тэцүү чадвартай.
Тамирчин байна гэдэг хэцүү. Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин гэдэг бүр ч хэцүү.” xэмээн хэлнэ.
Тэрээр үе үеийн паралимпаас хамгийн олон медаль хүртсэн тамирчдын нэг ба нийтдээ 24 медаль хүртэж байв. Түүнчлэн 2016 онд дэлхийн зургаан рекордыг эзэмшдэг байлаа. Хэдий сүүлийн жилүүдэд түүний хүч тамир суларч байгаа ч бууж өгөлгүй урагш ахисаар байх болно гэжээ.
Эх сурвалж: yomiuri.co.jp, BBC
|