А.Сүхбат аваргад барилдах эрхийг нь үлдээ
Баяр наадмаар гаргасан авирынхаа төлөө нэг хэсгээс шүүмжлүүлж, , нөгөө хэсгийн талархлыг хүлээсэн Дархан аварга А.Сүхбат Төв аймгийн Сэргэлэн сумынхаа 90 жилийн ойн наадамд зодоглож, түрүүлжээ.
Сэргэлэн сум бол түүний төрж, өссөн нутаг. Тиймдээ ч нутаг орныхоо түмэн олныг хүндэтгэн түүхт ойдоо оролцож, барилдаж, түрүүлэх ч эрх түүнд бий.
Гэтэл “Баяр наадмаар балиартсан энэ одоо юу вэ” гэсэн шүүмжлэлийг хараал, ерөөлийн үгтэй хавсарган бас л шуугиуллаа.
Өнгөрсөн баяр наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, дархан аварга цолыг нөхөж олгохоор болсон.
Үүнд Даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар хамрагдаж, Ерөнхийлөгчийн зарлигаар нэг өдөр дархан аварга болсон билээ.
Наадамчин олон ч хайртай бөхчүүдээ ийн цол нэмсэнд баярлаж бахархсан.
Гэтэл баяр наадмын бөхийн барилдаан эхлэнгүүт “Хэн нь зүүний магнайд гарах вэ” гэсэн маргаан гарч, Г.Өсөхбаярыг түрүүлж туг тойрсонд А.Сүхбат уурлаж, удалгүй Г.Өсөхбаяр ч буруугаа хүлээж ном ёсоор А.Сүхбат зүүний магнайд гарсан.
Харин энэ асуудлаар наадамчин олон өнөөдөр ч маргалдсаар байна. Тухайн үед цэнгэлдэхэд асуудлыг зохицуулаагүй Монголын үндэсний бөхийн холбоо араас нь “арьсаа хамгаалж” мэдэгдэл гаргасан нь даарин дээр давс нэмнэ гэгч болж, дахиад л нэг хэсэг маргалдлаа.
Бөхийн холбоо мэдэгдэлдээ,хэн түрүүлж аварга, даян аваргын цолны болзол хангасныг бус хэн олон жил барилдаж, илүү амжилт гаргаснаар эрэмбэлэх ёстой гэж үзжээ.
Энэ нь дархан аварга А.Сүхбатыг “барилдаагүй яах гэж олон жил болсон юм, хохь нь” гэж байгаатай ялгаагүй сонсогдож байгаа юм.
Дархан аварга А.Сүхбат Бөхийн холбооны булхай луйврыг үл тэвчихдээ “зодог тайллаа” гэсээр хэдэн жил болсон.
Энэ хооронд Г.Өсөхбаяр хэдэн жил барилдаж, амжилт нь өсдөг юм байгаа биз дээ. Тэр бүхнээр шалтаглаж, Засгийн газрын тогтоолыг урдаа барьж заавал Г.Өсөхбаярыг дээд эрэмбэд оруулахаар улайрч буй Бөхийн холбооны арга барил олон хүнд таалагдахгүй байна.
Уг нь уламжлалаа дагавал хэн түрүүлж аварга, даян аварга цолны болзол хангаснаар эрэмблэх учиртай. Ийм саяхны үеийн бэлэн жишээ ч бий.
Жишээ нь, Х.Баянмөнх аварга улсын наадамд 10 давсан босоо бөх.Харин Ж.Мөнхбат аварга долоо түрүүлсэн. Үргэлжлэл...