Герман “машин”-ууд аваргын төлөөг жинхэнэ тоглолтыг үзүүллээ
Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг Бразилыг 7:1-ийн харьцаатай хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Дэлхийн таван удаагийн аварга Бразил ДАШТ-ий хагас шигшээгийн түүхэндээ зургаан гоолын зөрүүтэй хожигдож, гутамшигтай ялагдал амссан удаагүй. Тэр тусмаа эх орондоо, үнэнч хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө олон гоолын зөрүүтэй хожигдож, гутамшигтайгаар талбайгаас орхисон түүхгүй.
Тоглолт эхлэхээс өмнө Бразилын шигшээ багийн од Неймар гэмтэл авч, багийн ахлагч Тиагу Сильва торгуулийн улмаас талбайд гарахгүй болсон ч бразилчууд эх нутаг, үнэнч хөгжөөн дэмжигчдэдээ итгэж байна гэж ярьж байлаа. Гэтэл Герман “машин”-ууд илүү ажиллаж эхлэв.
Германчууд ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын 30 дахь минут гэхэд өрсөлдөгчийнхөө хаалганд таван гоол оруулж, нэгэн дээд амжилтыг тогтоож чадав. Энэхүү дээд амжилт нь хагас шигшээгийн эхний үед хамгийн хурдан таван гоол оруулсан гэдэг үзүүлэлт юм. Харин бразилчууд нэгэн сөрөг дээд амжилтыг тогтоолоо. ДАШТ-ий хагас шигшээ тоглолтын эхний 45 минутыг тав гоолын зөрүүтэй хожигдож, өндөрлүүлсэн шигшээ баг үгүй. Харин Бразил хагас шигшээ тоглолтын эхний 45 минутад таван гоол алдсан анхны баг боллоо.