Бразил гурван алхмын өмнө очлоо
ДАШТ-ий хасагдах шатны эхний хоёр тоглолт өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Энэ удаагийн ДАШТ-ий гялалзсан багуудын нэг байж Испанийн шигшээг хэсгийн тоглолтод мулталж чадсан Чили болон тэмцээний зохион байгуулагч орон Бразилийн тулаанаар шөвгийн 16-гийн тоглолтууд эхэлсэн юм.
Үндсэн цаг 1:1-ийн харьцаагаар өндөрлөсөн ба нэмэлт цагт ч тооны харьцаа хэвээр үлдсэн тул энэ тоглолтын хувь заяаг, аль баг нь шөвгийн наймд шалгарах эсэхийг торгуулийн цохилтоор шийдвэрлэсэн юм.
Тоглолтын эхний хагасын 18 дахь минутад багийн ахлагч Тиагугаас ирсэн бөмбөгт нэмэлт хийж Давид Луис гоолдсоноор бразилчууд давамгайлж эхэлсэн ба удалгүй 32 дахь минутад Чилийн шигшээгийн довтлогч Алекс Санчес тооны харьцааг тэнцүүлсэн билээ.
Хоёрдугаар хагаст Чилийн шигшээ илүү давамгай байж бразилчуудыг сандаргасаарнэмэлт цагт ч мөн энэ хэвээр байсан ч Маурисио Пиниллагийн цохилтоос ирсэн бөмбөг хаалганы шон оносныг эс тооцвол хаалганд аюул учруулсангүй.
Ингээд торгуулийн цохилт хэрхэн өрнөснийг та бүхэнд сонирхуулая.
Бразилийн цохилт: Давид Луис Гоол!! - Бразил 1:0 Чили
Чилийн цохилт: Маурисио Пинилла Амжилтгүй!! - Бразил 1:0 Чили
Бразилийн цохилт: Уиллиан да Сильва Амжилтгүй!! - Бразил 1:0 Чили
Чилийн цохилт : Алекс Санчес Амжилтгүй!!- Бразил 1:0 Чили
Бразилийн цохилт : Марсело Гоол!! - Бразил 2:0 Чили
Чилийн цохилт: Чарльз Арангис Гоол!! - Бразил 2:1 Чили
Бразилийн цохилт: Халк Амжилтгүй!! - Бразил 2:1 Чили
Чилийн цохилт: Марсело Диас Гоол!! - Бразил 2:2 Чили
Бразилийн цохилт: Неймар Гоол!! - Бразил 3:2 Чили
Чилийн цохилт: Гонсало Хара Амжилтгүй!! - Бразил 3:2 Чили
Ийнхүү эцсийн мөчид Неймар торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэж, хаалгач Хулио Цезарь Чилийн Харагийн цохилт хаалганы шон оносноор Чилийн шигшээ хасагдах шатанд бүдэрч нутгаа зорих болсон бол Бразилийн шигшээ асар их итгэл найдвар тээн дараагийн шатанд үлдлээ.
Гэсэн хэдий ч хүчирхэг, ид гялалзаж байгаа Чилийн шигшээтэй бразилчууд хангалттай тоглож чадаагүйг бүгд харсан. Зохион байгуулагч орны шигшээ, ДАШТ-ий таван удаагийн аварга хүчирхэг Бразилийн баг хэсгийн тоглолтуудаа ч хангалтгүй хийсээр аз нь түшиж өдийг хүртэл явуулж байна гэхэд ч болмоор.
Торгуулийн цохилтод ялагдаж байгаагүй түүх энэ удаад ч Бразилийн талд хэвээр үлдсэнийг дашрамд дурдая. Энэ тоглолтын дараа явагдсан Колумб Уругвайн шигшээгийн тоглолтод колумбчууд гол довтлогчоо алдсан Уругвайн шигшээг 2:0-ээр буулгаж авсан байгаа.
Тиймээс Бразилийн шигшээ дараагийн шатанд Колумбтай таарч тоглоно. Дээр дурдсан аз Бразилийг ивээсээр байгаа гэдгийн бас нэг нотолгоо бол хэсгээс шалгарсан багуудын оноолт юм. Бразил хасагдах шатанд Чилитэй таарсан бол тэдний өрсөлдөгчөөр тодрох ёстой Колумб, Уругвай нь мөн л Өмнөд Америкийн багууд. Ингэснээр Бразилийн шигшээ аргалж сурсан, тоглолтын арга барил ойролцоо, довтолгоо хамгаалалтыг нь бараг л уншиж сурсан гэмээр багуудтай таараад яваа.
Хэрвээ дараагийн шатанд Бразилийн шигшээ Колумбийг аргалж чадвал шөвгийн дөрөвт Франц, Германы хүчирхэг багуудын хожсонтой таарах магадлал тун өндөр. Учир нь тус багууд Африкийн Алжир, Нигертэй шөвгийн 16-д таараад байгаа. Учраа багуудаа хожих нь тодорхой гэж үзвэл шөвгийн наймд Герман Францын тулааныг бид харах болно. Эцэст нь шөвгийн дөрөвт Бразилтай таарч супер тулаанхаруулах нь дамжиггүй.
Бразилийг зургаа дахь удаагаа дэлхийн аварга болохыг харъя гэвэл гурван тоглолт дараалан тэд хожих шаардлагатай болно.