Дэлхийн гурван удаагийн аварга Герман Португалыг 4:0-ийн харьцаатай буулгаж авлаа
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний G хэсэгт сугалаа таарсан Герман, Португалын шигшээ багийн тоглолт боллоо. Энэ тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга Герман "Европийн Бразилчууд" гэгддэг Португалыг 4:0-ийн харьцаатай буулгаж авлаа. ДАШТ-ий өнөөдрийн гол ярианы сэдэв Пепегийн улаан хуудас байх болно. Пепе талбайгаас хөөгдсөний дараа 45+2 дахь минутад тоглолтын гол баатар Томас Мюллер дахин гоол оруулснаар эхний хагас 3:0-ийн харьцаатай Германы давамгайллаар өндөрлөлөө. Харин хоёрдугаар үед Португалчууд тун боломжийн хамгааллаа. Мөн Германчууд эсрэг багийнхаа хүний дутууг ашиглан, урагш довтлоод байсангүй хүлээцтэй тоглосон юм.
Дэлхийн хоёр удаагийн шилдэг хөлбөмбөгч Криштиан Роналдугаар ахлуулсан Португалын шигшээ 2014 оны ДАШТ-ээ ийнхүү амархан хожигдож эхлүүлнэ гэж төсөөлөөгүй нь тодорхой. Тоглолтын өмнө Португалын шигшээн ахлагч Криштиан Роналду "Бид Германыг хожих болно" гэж тун итгэлтэй хэлж байсан ч үнэхээр барсангүй. Роналду энэ тоглолтод тун сайн тоглосон ч гоол оруулж чадсангүй.