БАЯРТ МЭДЭЭ: МУГТ О.Гүндэгмаа 15 дахь алтан медалиа хүртсэн амжилтаар их спортдоо эргэн ирлээ
Монголынхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт залсан баатарлаг тамирчдын нэг О.Гүндэгмаа. Тэрбээр ихрүүдээ төрүүлж спортоосоо түр завсарлага аваад байсан билээ. Энэ жилээс их спортдоо эргэн ирж бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. МУГТ О.Гүндэгмаа энэ өдрүүдэд Германы Мюнхен хотноо болж буй буудлагын Дэлхийн цомын тэмцээнд онч сорьж байна.
Тэрбээр өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд түрүүлж, аваргын алтан медаль хүртлээ. Бараг хоёр жилийн турш тэмцээн, уралдаанаас хөндий байсан түүний хувьд Лондонгийн олимпиос хойшхи анхны олон улсын тэмцээндээ оролцож, түрүүлснээрээ энэ удаагийн медаль онцлогтой. Түүний энэ алтан медаль Дэлхийн цомоос авч буй долоо дахь алт, нийтдээ 15 дахь медаль нь юм.
Энэ сарын 4-13-нд Мюнхенд үргэлжилж буй Дэлхийн цомд О.Гүндэгмаагийн үндсэн дасгал болох эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд нийт 95 буудагч өрсөлдсөнөөс О.Гүндэгмаа урьдчилсан дасгалд 584 оноо авснаар тавдугаар байраар шигшээ наймд шалгарчээ.
Улмаар хагас шигшээ буудлагад 21 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Ингээд аваргын төлөө Герман улсыг төлөөлж буй нутаг нэгт тамирчин Д.Мөнхбаяртай халз буудаж, 8:0 харьцаатай ялалт байгуулжээ. Харин хүрэл медалийн төлөө Хятадын тамирчин Жан Жинжин 8:2-оор мөн өмнөд хөршийн буудагч Чен Инийг ялсан юм.
Түүнээс амжилтаас дурдвал, “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” гээд таван олимп дамжин оролцсон О.Гүндэгмаа ийнхүү хоёр жилийн дараа Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох зуны XXXI олимпийн наадмын гараагаа амжилттай эхлүүлж, их спортдоо алтан медальтай эргэн ирж буйд нь уншигчдынхаа өмнөөс амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Дашрамд сонирхуулахад, дөрвөн жил тутамд болдог буудлагын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанийн Гренадад болох юм. Тус тэмцээнээс Риогийн олимпийн эрхийг олгодог билээ.