“Универсиад”-д оролцох тамирчид тангараг өргөлөө

2017 оны 1 сарын 24

Казахстаны Алмата хотод нэгдүгээр сарын 29-нд эхлэх дэлхийн оюутны спортын "Универсиад" өвлийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол өнөөдөр/2017.01.24/ Спортын төв ордонд боллоо. Тус ёслолд БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Казахстан улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинас болон Монголын цана, тэшүүрийн холбооны удирдлагууд оролцлоо.

Алматагийн “Универсиад 2017” наадам биатлон, керлинг, уран гулгалт, уулын цана, тэшүүр, хоккей, шорт трек зэрэг спортын 12 төрөлд болно. Манай улсаас гүйлтийн цана болон тэшүүрээр нийт 10 тамирчин өрсөлдөх юм. Гүйлтийн цанын төрлөөр Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа, Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул, тэшүүрээр Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Амарсанаа, Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар Алматад уралдахаар болжээ.

Баг тамирчдыг үдэх ёслолын үеэр “Сочи 2014” өвлийн олимпийн наадамд цанын төрлөөр оролцсон Ч.Отгонцэцэг, тэшүүрийн тамирчин Б.Тулга нар тамирчны тангарагыг өргөлөө. Мөн энэ үеэр хамгийн туршлагатай тамирчин болох Ч.Отгонцэцэгт Төрийн далбааг гаруулан өгсөн юм.

Монголын баг тамирчид өвлийн “Универсиад” их наадамд 1991 онд Японы Саппоро хотноо болсон наадамд анх удаагаа оролцож байсан бол түүнээс хойш хоёр жил тутамд болдог тус наадамд 12 дахь удаагаа оролцох гэж байна.

Энэ удаагийн Универсиад наадамд дэлхийн 50 гаруй орны баг тамирчид 78 багц медалийн өрсөлдөх бөгөөд наадам нэгдүгээр сарын 29-өөс хоёрдугаар сарын 8-ны хооронд явагдана.

Монголын баг тамирчид энэ сарын сүүлээр Казахстаныг зорино.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40285
0 эможи
keyboard_arrow_up