“Рио-2016” эхлэхэд 100 хоног үлдлээ

2016 оны 4 сарын 28

31 дэх удаагийн Зуны Олимпын наадам Бразилийн Рио-де-Жанейро хотноо эхлэхэд 100 хоног үлдээд байна. Үүнийг тохиолдуулан дэлхий даяар Олимпын наадамтай холбоотой олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тухайлбал уламжлал ёсоор Олимп уулын бэлээс авчирсан бамбарыг зохион байгуулагч талд албан ёсоор шилжүүлэн өгөх ёслол Афинд боллоо. 1896 онд орчин үеийн анхны Олимпын наадмын нээлт болж байсан Панатиниан цэнгэлдэх хүрээлэнд болсон уг арга хэмжээнд Грекийн Ерөнхийлөгч Прокопис Павлопулос тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Олимпын бамбарыг зохион байгуулагч талд албан ёсоор шилжүүлэн өгөх ёслол болсныг тохиолдуулан Рио-де-Жанейрод байдаг Аврагч Христийн хөшөө лхагва гарагийн үдэш Бразилийн Төрийн далбааг бэлгэдэн шар, ногоон өнгөөр гэрэлтсэн байна. Олимпын бамбар нээлтийн ёслол болох алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд 8 дугаар сарын 5-нд ирэх хүртлээ 12 мянган тамирчин, олны танил эрхмүүдийн гар дамжин аялах юм. Үүнээс гадна спортын хамгийн том арга хэмжээг хүлээн авахаар бэлтгэж байгаа Рио-де-Жанейро хотын дарга лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ "Үүсээд

байгаа улс төрийн болон эдийн засгийн тогтворгүй байдал Олимпын наадмыг амжилттай зохион байгуулж, хүлээн авахад ямар ч нөлөө үзүүлэхгүй" гэдгийг онцолсон байна. “Рио-2016”-д 200 гаруй улсын 10 мянга 500 орчим тамирчин оролцох төлөвтэй байгаа юм. Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлдээд байгаа энэ үед улс орнууд Олимпт оролцох шигшээ багуудынхаа бэлтгэл ажлыг шалгаж, анхаарлаа хандууллаа. Тухайлбал АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама Нью-Йорк хотын “Time Squire”-д болсон Олимпын наадмыг угтсан арга хэмжээнд оролцсон бөгөөд тэрбээр Америкийн эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багынхантай туялзуур сэлмээр хичээллэжээ.

Мөн энэ өдөр БНСУ-ын Олимпын хороо шигшээ баг тамирчдаа “Зика” вирусийн халдвараас хамгаалах зорилготой тусгай хувцасны загвар гаргаснаа танилцуулсан байна. Урт ханцуй, өмд бүхий уг хослол баг тамирчдыг вирусийн халдвар тээгч шумуулаас тодорхой хэмжээнд хамгаална гэж үзэж байгаагаа дээрх хорооноос илэрхийлжээ. БНСУ-ын Олимпын хорооноос мэдээлснээр нээлтийн ёслол, бэлтгэл болон Олимпын хотхонд байрлах үедээ өмсөх хувцаснуудад нь шумуулын эсрэг бодис бүхий тусгай будагч бодис ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.

Үүнээс гадна Монгол Улс жудо, бокс зэрэг спортын төрлүүдээр Олимпт амжилттай оролцож байгаа бөгөөд “Рио-2016”-ийг зорих Монголын Жудо бөхийн шигшээ багийг лхагва гарагт албан ёсоор зарлалаа. Хамгийн их өрсөлдөөнтэй эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Олимпын эрхээ гурван тамирчин хангаад байснаас 20 настай залуу тамирчин Ц.Цогтбаатар энэ жинд сонгогдоод байна. Мөн -100 кг-д Олимпын хошой медальт Н.Түвшинбаяр, 66 кг-д Д.Төмөрхүлэг зэрэг эрэгтэй, эмэгтэй 14 шилдэг тамирчин “Рио-2016”-д оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32367
0 эможи
keyboard_arrow_up