Үндэсний бөхийн тухай хуулийг эргэж хармаар

Улсын баяр наадам дөхлөө. Энэ жилийн наадамд хэн гэдэг бөх түрүүлэх бол гэсэн бодол, таамаг бөх сонирхогчдын дунд их яригддаг. Энэ жил улс хувьсгалын 95 жилийн ой тохиож байгаа. Тэгш ой тохиож байгаа тул 1024 бөх барилдуулна гэсэн яриа бий. 1024 бөх барилдахаар 10-ын даваа гарч ирнэ. Энэ үед үзүүр, түрүүний бөхөд ямар цол олгох вэ гэсэн асуулт гарч ирж байна. Арслан цолтой бөх ес давж түрүүлвэл аварга болох уу, аварга цолтой бөх арав давж түрүүлвэл дархан аварга болох уу гэсэн асуулт тулгарна. Үндэсний баяр наадмын тухай хуульд заахдаа 1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслангаас бага цолтон ес давсан бол үзүүл, түрүүний барилдааны өмнө арслан цол олгоно гэж заасан байдаг. Харин арслан, аварга цолтой бөх түрүүлбэл цол ахиулах хуулийн заалт хүчингүй болох аж. Энэ бол хуулийн гажиг. Тиймээс Монголчуудынхаа ганц үздэг үндэсний бөхийн тухай хуулийг эргэж хармаар.









