“Рио-2016”-д оролцох Монголын багийг Ж.Хатанбаатар ахална

Бразилийн нийслэлд энэ зун болох “Рио-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын багийн ахлагчаар МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, доктор Ж.Хатанбаатарыг томилсон шийдвэрийг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаас гаргасан байна.
Ардын эмч, доктор профессор Ж.Хатанбаатар 2008 оноос хойш МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Азийн элсний наадамд Монгол Улсын багийг ахалж байсан юм.
МҮОХ-ны холбогдох дүрэм журмын дагуу спортын томоохон наадамд оролцох багийн ахлагчийг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж томилдог байна.
Харин багийн ахлагчийн орлогчоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэрээр ардын багш Ц.Дамдин ажиллахаар болжээ. Дашрамд дурдахад “Лондон-2012” наадамд Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Энхболд ажиллаж байжээ.









