Футзалын өсвөрийн УАШТ-ий шилдэг найман баг тодорлоо

МХБХ-ны футзалын өсвөрийн УАШТ-ий шигшээ найман багийн тоглолтууд футзалын ордонд үргэлжилж байна.
Тэмцээн U-11 болон U-13 гэсэн насанд зохиогдож байгаа юм. Тэмцээний ахлах буюу 13 хүртэлх насанд шилдэг найман багийн нэр тодроод байна.
Шөвгийн наймд “Арвис”, “Хараацай”, “Улаанбаатарын Унаганууд”, “Дэрэн”, “ИНХ”, “Хан-Уул дүүрэг”, “Алтанбөмбөг”, “ДМЮ” гэсэн багууд шалгарч үлдээд байна.
Хөдөө орон нутгаас оролцсон есөн багаас “Сүхбаатар аймаг”, “Төв” аймаг болон “Замын-Үүд”-ийн “Түмэн Од” багууд хэсгээс гаран хасагдах шатанд өрсөлдсөн ч харамсалтай нь ялагдаж тэмцээнийг орхиж байна.
Тэмцээний 11 хүртэлх насны шилдэг 16 баг хоорондын тоглолтоо хийж байна. “Сэлэнгэпресс”, “Монголын Тэмүүлэл”, “Архайнгай аймаг”, “Хараацай” мөн “ФС Сумида” багууд хагас шигшээд оролцох эрхээ авж чадлаа.
Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт нь “Архайнгай аймаг” болон “Сүхбаатар” аймгийн багуудын тоглолт байсан. Үндсэн цагт “Архангай” аймгийн баг 3:2 харьцаатай ялалт байгуулсан. Дорнод аймгийн баг харин “ФС Сумида” багт 2:1-ээр хожигдож тэмцээнийг орхилоо.
“Дархан шилүүс” ба “Эрхэс”, үүний дараа “Арвис” болон “Сүхбаатар дүүрэг”, хамгийн сүүлд “Чингэлтэй дүүрэг” ба “ГАЖА Зүүнхараа” багууд тоглох хуваарьтай байна.









