Э-спорт бол 21-р зууны спорт
Анхны худалдааны зориулалттай “Computer Space” нэртэй хар цагаан, цэгэн дүрслэлтэй тоглоом 1971 онд гарч байж.
Үүнээс хойш видео тоглоом асар хурдацтай хөгжсөн. Видео тоглоомын дүрслэл бодит ертөнцтэй ялгахын аргагүй болж бидний өдөр тутмын амьдралд томоохон орон зайг эзэлсээр байна.
Компьютер тоглоомыг зарим хүмүүс цагийн гарз гэж үздэг бол ирээдүйд хөлбөмбөгөөс ч илүү олон нийтийг хамарсан спортын төрөл болно гэж зарим мэргэжилтнүүд үздэг. Учир нь компьютер тоглоом буюу Э-спорт сүүлийн жилүүдэд асар хурдацтай хөгжиж байна. Дэлхий дахинд гайхагдаж буй Э-спортын хөгжлийн тухай уншигчидтайгаа хуваалцахыг хүсэв.
Э-СПОРТЫН ТОДОРХОЙ ХЭДЭН ТӨРӨЛ БИЙ
Дэлхий дээр тоолж баршгүй олон компьютер тоглоом байдаг боловч мэргэжлийн спортын түвшинд хөгжөөд байгаа тоглоом гарын таван хуруунд багтана. Тухайн тоглоомд олгож буй шагналын сан нь 5 сая доллар даваад буй таван тоглоом л бий. Тодруулбал Dota2, League of legends, Counter-strike, Starcraft 2, Starcraft 1.
Э-спортын төрлүүд нийт шагналын сангаар. Эх сурвалж: www.esportearnings.com
ОЛОН УЛС Э-СПОРТЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨӨР
Э-спортыг албан ёсны спортоор бүртгэж засгийн газраас дэмжлэг үзүүлдэг улс орнууд жилээс жилд нэмэгдсээр.
Өмнөд Солонгос, Швед, АНУ, БНХАУ, Канад, Герман зэрэг нь Э-спортыг хамгийн өндөр түвшинд хөгжүүлсэн улсууд юм. 2013 оны 7-р сард АНУ Э-спортыг албан ёсны спортод бүртгэж гадны кибер тамирчдад тамирчны виз олгож эхэлсэн билээ.
League of legends, World Championships 2014 он
КИБЕР ТАМИРЧИД БАЯЧУУДЫН ЭГНЭЭНД ЭЛСЭЖ ЭХЛЭВ
Dota2-ын “The International” тэмцээн 2010 онд 1 сая ам.долларын шагналын сантай эхэлж байсан бол жилээс жилд өссөөр 2015 онд 18 сая ам доллар даваад байгаа юм.
Өнгөрсөн 7-р сард АНУ-ын Сиэтл хотод болсон уг тэмцээн гольфын “PGA championship”, Теннисийн “ATP World tour finals”, хөлбөмбөгийн “UEFA Europa League”-ийн шагналын сангаас илүү байв.
”The International”-д түрүүлсэн Evil Geniuses багийн тамирчин Зайд ‘Sumail’ Хассан 2015 онд 1 сая 700 мянган ам.доллар хувьдаа хожиж дэлхийн түүхэн дэх анхны насанд хүрээгүй саятан Э-спортын тамирчин болсон юм.
Өнгөрсөн 5 сард 16 нас хүрсэн Пакистан хүүгийн жилийн цалин зар сурталчилгааны орлогыг тооцолгүйгээр алдарт Гольфчин Тайгер Вүүдс, зоригт зодоонч бүсгүй Ронда Раузигийн цалингаас өндөр байв.
Evil Geniuses баг “The International 5” тэмцээнд түрүүлсний дараа. Зүүн талаас Зайд ‘Sumail’ Хассан.
Э-СПОРТ ХАМГИЙН ӨРСӨЛДӨӨНТЭЙ НЬ
Шалтгаан нь маш энгийн. Э-спорт олон сонирхогчтой. “Esportearnings” сайтад зөвхөн LOL гэхэд нийт 1644 тэмцээн, 3803 мэргэжлийн тамирчин бүртгэлтэй байна. Dota2 дэлхий даяар байнгын 11 сая тоглогчтой. Энэ хэмжээгээр өрсөлдөөн маш ширүүн.
Багууд хоорондоо тоглогчдоо өндөр үнээр наймаалцаж зардаг болсон. 2014 оны “The international”-ын аварга Хятадын Newbee багт Жанг “xiao8” Нанг LGD багаас 100 мянган ам.доллараар ирж байсан юм.
ЭСПОРТОД ИХ МӨНГӨ ЭРГЭЛДЭЖ ЭХЛЭВ
ОХУ-ын тэрбумтан Алишер Усманов оросын домогт баг Virtus.Pro-той өнгөрсөн 7 сард 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.
Өмнөд Солонгосын Samsung, LG, SK зэрэг компаниуд LOL-ын багуудыг өндөр үнээр ивээн тэтгэдэг. League of Legends World championships 2014-г дэлхий даяар 32 сая хүн үзсэн юм.
Valve компани “The international” тэмцээнийг жилд нэг удаа зохиодог байсан бол 2016 оноос жилд 4 удаа зохиохоор болсон.
МОНГОЛЫН ТАМИРЧИД ЧАДВАРЫН ХУВЬД САЙН
Монголын мэргэжлийн баг TheMongolz Вьетнамын компанитай гэрээ байгуулж 6 сарын хугацаатай Ханой хотод бэлтгэл хийж байна. Тэдэнд Малайз, Филиппин, Вьетнам зэрэг улсын байгууллагуудаас хамтарч бэлтгэл хийх санал ирсэн ба Вьетнамд бэлтгэл хийхээр болжээ. TheMongolz.CS, TheMongolz.Dota2 нийт 10 тамирчид өнгөрсөн 11-р сард Вьетнамыг зорьсон юм.
2015 оны 12-р сарын 28нд TheMongolz.CS баг “DingIT Asia Invitational 2” тэмцээний финалд Хонконгийн “inchk1ng” багийг 3:2 харьцаатай хожиж түрүүлсэн билээ. Gosugamers-ийн жагсаалтад тэд азидаа чансаагаар 12т, Дэлхийн шилдэг 50-д багтаж байна.
2015 оны 12-р сарын байдлаар Mongolz.Dota2-ын түлхүүр тоглогч Энходын “Sanke” Нэргүй зүүн өмнөд азийн серверт хувийн чансаагаараа 3-т эрэмбэлэгдсэн байв. Mongolz.Dota2-ын хамгийн ойрын зорилго бол 3-р сард БНХАУ-ын Шанхай хотод болох өвлийн Мэйжор тэмцээнд оролцох эрхээ авах юм. Дор хаяж 3 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд оролцох 16 багийн нэгт багтахын тулд зүүн өмнөд азийн ширүүхэн учраануудыг ялж хэсгээсээ шалгарах шаардлагатай.
TheMongolz.CS, TheMongolz.Dota багийн тамирчид Вьетнамыг зорихын өмнө. 2015 оны 11 дүгээр сар.
МОНГОЛД ЭСПОРТ ХӨГЖИХГҮЙ БАЙНА
“Олон орны баг тамирчидтай уулзаад ярилцаж байхад Эспорт талаасаа бол манай улс хамаагүй хоцрогдсон юм байна гэдгийг ойлгосон.
Бидний байгаа Вьетнамд л гэхэд Эспорт аренанууд нь өндөр зэргэлэлийн тоглогчдын тав тухыг маш сайн хангасан нь харагддаг. Засгийн газраас нь жилд 2 удаа хэд хэдэн төрлөөр томоохон лиг зохион байгуулдаг.
Тэрэндээ зөвхөн Вьетнам биш гадны баг тамирчдыг урьж оролцуулдаг юм билээ” гэж Mongolz багийн менежер Энхсайханы “Atuka” Алтантулга хэлсэн юм. Тэрээр төрөөс нь Э-спортыг дэмждэг улсуудыг битүүхэндээ атаархдагаа нуусангүй.









