Хэт холын марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ-д Монголчууд айргийн тавд
Тамирчин хүнээс асар их тэсвэр тэвчээр шаардагддаг хэт холын марафон гүйлтийн ДАШТ 50 км-ийн зай төрөлд боллоо. Энэ тэмцээнд манай улсын тамирчин эхний 5-д бичигдсэн амжилт үзүүлжээ.
12 дугаар сарын 4-ний өдөр Катарын Доха хотод болсон хэт холын марафон гүйлтийн 50 км дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас анх удаагаа оролцлоо. 5 дахь удаагийн ДАШТ-д манай улсаас 5 тамирчин оролцож багийн дүнгээр 5 дугаар байр эзэлсэн байна. Түүхэн амжилтыг үзүүлсэн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. 50км ДАШТ-нд эрэгтэй тамирчдыг АНУ 2:52:08 амжилтаар магнайлсан бол,Кени улсын тамирчид 2-4 байрыг 2:55:34, 2:56:15, 2:57:17 амжилтаар эзэгнэсэн бол АНУ-5 дугаар байранд 2:59:04 гэсэн үзүүлтээр бичигдэж байна. Харин эмэгтэй тамирчдыг АНУ-ын тамирчин 03:20:58 гэсэн үзүүлэлтээр тэргүүлсэн бол манай улсын тамирчин СМ Г.Хишигсайхан 3:32:02 гэсэн үзүүлэлтээр 5-р байрт бичигдэж түүхэн амжилтыг үзүүллээ.
Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жилээс жилд тамирчдынхаа бэлтгэл сургуулиалт болоод ОУ-ын тэмцээн уралдаанд тамирчдыгаа оролцуулах тал дээр ихээхэн анхааран ажиллаж байгаа үлгэр жишээ холбоодуудын нэг юм. Тэд энэ жил 3 дэлхийн аваргад амжилттай оролцлоо. 24 цагийн дэлхийн аварга, Франц улсад болсон уулын жимийн дэлхийн аварга, Катарын Доха хотноо болсон 50 км дэлхийн аварга гээд шат дараалсан томоохон тэмцээнүүдэд амжилт дүүрэн оролцож улсынхаа рекордыг шинэчлэн тогтоохоос гадна дэлхийн шилдэг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсээр байгаа юм. Энэ оны сүүлчийн тэмцээн Катар улсын Доха хотноо боллоо. Тэмцээнд 20 улсын баг тамирчид оролцсоны дотор олимп дэлхийн медальтай тамирчид мөн олон байлаа. 2014 онд холбооны шигшээ багийн тамирчин Б.Доржпалам Катарын Доха хотод болсон ДАШТ-ий 100 км зайд 07:06:46 гүйж 17 дугаар байр эзэлж Монгол улсынхаа рекордыг шинэчилж ОУХМ цолны нормыг биелүүлж байв.









