Европ дахь Монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдлөө
Бүгд Найрамдах Польш Улс дахь монголчуудын санаачилгаар 2009 онд тус улсын Варшав хотноо анх зохион байгуулагдсан Европ дахь ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээний 6 дахь удаагийн тэмцээн Варшав хотын баруун захад орших эртний түүхт Терешин хотхонд 2014 оны 5 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Тэмцээнийг Монгол Улсаас Польш Улсад суугаа Элчин сайдын яам, Польш дахь сагсан бөмбөгийн “Мон-Пол” Плоцк клуб, Монголын биеийн тамир, спорт сонирхогчдын холбоо зэрэг байгууллагууд хамтран, Польшид ажиллаж, амьдарч буй монголчууд-ивээн тэтгэгчдийнхээ дэмжлэгтэйгээр зохион байгуулав.
Энэ удаагийн тэмцээнд нийт 10 улсад суугаа монголчуудаа төлөөлөн 22 баг тамирчид оролцсоноос эмэгтэй I байранд Польшийн “Андууд”, II байранд Шведийн “Од”, III байранд Чехийн “Нэг үе” багууд, эрэгтэй I байранд Шведийн “MGL”, II дугаар байранд Германы “Монбэр”, III байранд Швейцарийн “MG-Star” багууд тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Европ дахь ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах VI тэмцээнд Монгол улсын спортын гавьяат 2, олон улсын хэмжээний мастер 2, спортын мастер 17, 1-р зэргийн 21 тамирчин 21 оролцсон нь тэмцээний цар хүрээ хэрхэн өргөжин тэлж, олон олон монголчуудыг хамруулсан арга хэмжээ болж буйн нэг илэрхийлэл юм.