С.Цэрэнчимэдэд байр өгсөн бол өгсөн шиг өгөхгүй, сэтгэл зүйгээр нь тоглох ямар хэрэг байв

Өнгөрсөн наймдугаар сард “Алдар” спорт хорооны тамирчин, Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нарын тамирчдыг Батлан хамгаалах яамнаас хоёр өрөө байраар шагнасан билээ. Харин тус шагналын байрыг Батлан хамгаалах яамны харьяа Жанжин штабын барилгын албаны н.Содномдорж, н.Энхцэцэг нар тамирчдыг ДАШТ-д явсан хойгуур нь 32 сая төгрөгөөр зарсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан юм.
Энэ талаар С.Цэрэнчимэдийн ээж Н.Лхагвадуламаас тодруулахад “Манай охиныг ДАШТ-д явахын өмнө буюу “Говь ресорт”-д бэлтгэлээ хийж байхад “Алдар” спорт хороо болон БХЯ-наас дуудаж хоёр өрөө орон сууцны түлхүүр гардуулж өгсөн. Наймдугаар сард.
Удаа ч үгүй охин луу минь нэг эмэгтэй байнга залгаж, “Байрны түлхүүр авчирч өг” гэж дарамтлах болсон. Бид ч учир шалтгааныг нь мэдэхгүйгээр өгөхгүй байх талаар ярилцаж байсан. Охин маань тухайн үед бэлтгэлээсээ чөлөө авчихаад БХЯ дээр ирж байрныхаа түлхүүрийг авсан юм. Тэгээд түлхүүрээ надад өгчихөөд бэлтгэл рүүгээ явсан. Гэтэл маргааш нь охин минь над руу залгаад “890904..дугаарын утаснаас нэг хүн залгах байх. Тэр хүнд байрны түлхүүр өгчихөөрэй” гэж хэлсэн. Бид ч тухайн үед гайхаад өнгөрсөн. Гэтэл тэр хүн нь над руу зогсоо зайгүй утасдаж байрны түлхүүр авчирч өгөхийг шаардаж эхэлсэн. Төр засгаас өгсөн байрыг хэн дуртайд нь өгчихөж болохгүй байх гэж бодоод байж байтал охин минь дахин залгаад “Та тэр түлхүүрийг нь аваачаад өгчих өө, энэ тухай ярихаас дургүй хүрч байна” гээд их л дуу муутай, хоолой нь зангирсан байдалтай залгасан.
Гэтэл охин минь АНУ-руу ДАШТ-д явсны дараа өнөө эмэгтэй бидэн лүү залгаж, байнга дарамтлах болсон. Охинд минь “муу юм болно” гэж дарамталж байсан тул бидэнд маш их айдас төрж байлаа. . Бид айсандаа хүргээд л өгсөн. Энхцэцэг гэдэг эмэгтэй шүүрч аваад явсан. Ямар учир шалтгаантайгаа ч тайлбарлаагүй. Түлхүүрээ авчихсан болохоор тэр байрыг зарсан эсэх асуудлыг бол бид мэдэхгүй. Охинд минь л муу юм болох вий гэхээс маш их айсан” гэсэн юм.
Харин "Алдар" спорт хорооны дарга Г.Өсөхбаяр "Бид холбогдох хүмүүсээс асуусан. Тийм юм байхгүй. Байрны засвар хийх гэж түлхүүрийг нь авсан" гэсэн юм.
Энэ байр Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд байрлалтай 63 айлын орон сууц бөгөөд С.Цэрэнчимэдэд бэлэглэсэн гэх өнөөх байранд аль хэдийнэ айл нүүж орсон байв.
Хамгийн гайхалтай нь “Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт БХЯ-ны Барилга захиалагчийн ажлын албаны хяналтын инженер Д.Содномдорж С.Цэрэнчимэдэд өгсөн гэх байрны талаар ярилцлага өгчээ. Тэрбээр “С.Цэрэнчимэдэд өгсөн байрыг зарсан гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. БХЯ-ны ажилтнуудын орон сууцны 5 дугаар давхарын 29 тоотын 28.3 метр.кв байрыг С.Цэрэнчимэдэд өгөх талаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан. Харин барилгын гүйцэтгэгч талыг хариуцсан Энхцэцэг байрны эздэд түлхүүрийг нь өгөхдөө С.Цэрэнчимэдийн байрныхыг сольчихсон юм байна. Тэгээд түлхүүр нь солигдсон айл байрандаа орж чадахгүй байсан учраас С.Цэрэнчимэд рүү ярьж энэ тухайгаа хэлэхэд өөрөө ирэх боломжгүй, ээжээс авчих гэсэн юм. Түлхүүр солигдсон байрны талбайн хэмжээ С.Цэрэнчимэдийнхтэй яг адилхан 28.3 метр.кв хэмжээтэй нэг өрөө орон сууц” хэмээн ярьжээ.
Харин нөгөөх солигдсон байр нь 2 өрөө байр байсан юм.
БХЯам эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчиндаа байр бэлэглэсэн бол өгсөн шиг өгөхгүй, ДАШТ-д бэлдэж байсан 20-хон настай охины сэтгэл зүйгээр тоглодог нь ямар учиртай юм бол???









