Туялзуур сэлэмний залуучуудын Ази тивийн АШТ эхлэв

"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн есдүгээр сарын 7-ноос 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Тэмцээнд Монгол улсаас анх удаа бүтэн баг буюу туялзуур сэлэмний гурван төрөл болох epee, foil, sabre төрөлд 15 тамирчин, дөрвөн дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.
"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг үзэхэд үнэ төлбөргүй тул нийт ард иргэд, спорт сонирхогч та бүхэн есдүгээр сарын 7-ноос 12-ны хооронд Буянт-Ухаа спорт цогцолборыг зорин Ази, Номхон далайн орнуудын 34 улсын 210 сэлэмчний тулааныг үзэн, Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй.
Тэмцээний өдрүүдэд Улсын Драмын Эрдмийн Театраас Буянт-Ухаа спорт цогцолбор чиглэлд шугамын автобус өглөөний 09.00 цагаас эхлэн цаг тутам үнэ төлбөргүй явах юм байна. Тэмцээний хүрээнд Улаанбаатар хотноо Азийн Туялзуур Сэлэмний Холбооны 2015 оны Ерөнхий Ассемблей болж байгаа бөгөөд тус хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга болон хүндэт зочид оролцож байна.









