А.Сүхбат: Намайг зүүний магнайд гаргахгүй бол би яаж ч магадгүй шүү

Наадмын бөхийн барилдаан ойртоод буй энэ үед дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаярын далд тэмцэл туйлдаа хүрч байна.
Баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын үндэсний бөхийн холбоо дархан аварга Г.Өсөхбаярыг зүүний магнай гаргах шийдвэр гаргасан ч гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат үүнийг эсэргүүцэж, хэвлэлийн хурал зарлаж, өөрийгөө зүүний магнайд гарах ёстой гэж мэдэгдсэн.
Энэ мэдэгдэл нь хоёр бөхийг цаашлаад Монголын ард түмнийг хоёр талд “алалцуулж” байна. Нөгөө талаас энэ жилийн наадмын бөхийн барилдааны түрүү А.Сүхбатын хувьд бай шагнал болох “Ланд-200”-аас илүү үнэтэй. Учир нь тэрбээр ирэх жилийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн бөхийн барилдаанд амжилттай барилдвал сонгуулийн сайхан суурь сурталчилгаа болж өгнө.
Мэдээж сайн барилдах цаашлаад түрүү булаалдахад зүүний магнайг тэргүүлэх нь нэлээд өндөр ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр зүүний магнайд гаргахгүй хэмээх шийдвэртэй тэмцэлдэж буй А.Сүхбат “Хэрвээ намайг зүүний магнайд гаргахгүй бол би яаж ч магадгүй шүү” хэмээн тун нухацтай гэмээр мэдэгдэл хийсэн юм.
Түүнчлэн “Өнөө цагт хүч үзэж байгаа бөхчүүдээс хамгийн эрэмбэ өндөртэй нь би” гэжээ. Ямартай ч, А.Сүхбат дээрх мэдэгдлээрээ ард түмнийг ч тэр, төр засгийг ч тэр нэлээд сонин байдалд оруулчихлаа. Яг юу болохыг 11-ний өглөө үзэх болох нь дээ.









