“Онцгой нэгэн” 2019 он хүртэл Англид ажиллана

Английн Челси клубын менежер Жозе Моуриньо багтайгаа байгуулсан гэрээгээ 2 жилээр сунгажээ. Ингэснээр онцгой нэгэн 2019 он хүртэл Лондоны багт ажиллахаар боллоо.
2013 оны зун Челсиг 2 дахь удаагаа дасгалжуулахаар ирсэн Жозе Моуриньо тухайн үед 4 жилийн гэрээг байгуулсан юм.Тэгвэл түүний гэрээний хугацаа талдаа ороод байгаа энэ үед багийн удирдлагууд шилдэг менежертээ 2 жилийн гэрээний сунгалтыг санал болгожээ. Португал мэргэжилтэн одоо жилийн 10.5 сая фунтыг авч байгаа бол шинэ гэрээнд түүний цалинг 2 сая фунтээр өсгөсөн байна.Ингэснээр Моуриньо ирэх 4 жил нийт 42 орчим сая фунтыг зөвхөн цалинд авахаар болжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн өндөр цалинтай дасгалжуулагч болох бөгөөд 7 хоногий 200 мянган фунтыг авна хэмээн Английн хөлбөмбөгийн томоохон цахим хуудсууд бичэж байна. Челси клуб өнгөрсөн Ням гарагт Кристал Паласыг 1-0ээр хожиж 2010 оноос хойш анх удаагаа лигтээ түрүүлэх нь тодорхой болсон. Мөн тэд 2014-15 онд солилцоо наймаанд хамгийн ашигтай ажиллаж Давид Луйз, Ромелу Лукаку, Андре Шюррлэ тэргүүтэй олон тоглогчдыг зарж нийт 128 сая фунтын ашиг олсон. Харин наймаанд нийт 121 сая фунт зарцуулж Диего Коста, Цеск Фабрегас, Хуан Куадрадо, Филипэ Луйс гэсэн залуусыг эгнээндээ нэгтгэсэн билээ.Баруун Лондоны баг премьер лигийн 36-р тойрогт Брендон Рожерсийн Ливерпүүл багтай тоглоно. Харин багтай холбоотой солилцоо наймааны мэдээллээс хүргэхэд Моуриньо Дидье Дрогбаг орлуулахын тулд Ливерпүүлийн Англи довтлогч Рики Ламбертийг сонирхож эхэлжээ. 33 настай Ламберт энэ улирал улаануудын төлөө 22 тоглолтонд оролцох 2 гоолыг оруулсан байна.









