Мэйвезер "зууны тулаан"-д яллаа

Мэргэжлийн боксын спортын түүхэнд мөнгөтэй холбоотой байж болох бүхий л рекордыг эвдсэн “Зууны тулаан” АНУ-ын Лас Вегас хотын “MGM Grand” аренад өчигдөр өндөрлөж, боксчин Флойд Мейвейзер ялалт байгууллаа.
Мэргэжлийн боксын рингэнд 47 тулаанд огт ялагдаагүй Флойд Мейвейзер ийнхүү 48 дахь тулаанаа авч, WBC, WBO болон WBA холбооны аваргын бүсний эзэн болж байгаа юм. WBC холбооноос шинэчлэн урласан нэг сая ам.долларын үнэ бүхий, гол хэсгийн логог алтаар бүрсэн, нийтдээ 3000 гаруй маргад эрдэнэ шигтгэсэн энэ бүсэн дээр Флойд, Мэнни нарын зураг, мөн WBC-гийн экс ерөнхийлөгч Хосе Сулайман, боксын домог Мухаммад Али нарын зургийг сийлсэн гэнэ.
300 сая ам.доллараар үнэлэгдсэн АНУ-ын боксчин Флойд Мейвейзер, Филиппиний тулаанч Мэнни Пэкьяо нарын тулаан энэ спортын хоёр “акул”-ын хооронд бүтэн таван жил яригдсаны эцэст баталгаажсан, гэхдээ үүнээс ч илүү олны анхаарлыг татсан зүйл нь мөнгө. Флойд энэ тулаанд ялсан ч, ялагдсан ч 180 сая ам.доллар авахаар гэрээг тамгалсан бол Мэнни 120 саяыг өвөртөлнө.









