Серена Уильямс хагас шигшээд шалгарлаа

2015 оны 4 сарын 03

31 дэхь удаагийн Майамигийн нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын тоглолтууд өндөрлөлөө. Энэ шатанд дэлхийн манлай Серена Уильямс болон Румины Симона Халеп нар учраануудаа хожин хагас шигшээд шалгарлаа. Мөн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд Их Британийн тэргүүн теннисчин Энди Мюррей шалгараад байна. Майамигийн нээлттэй тэмцээн АНУ-ын Флорида мужийн Миами хотноо өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймын үлдсэн 2 тоглолт явагдлаа.

Ингээд дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Серена Уильямс, Германы Сабина Лицискитай тоглосон байна. Энэ тоглолтонд дэлхийн манлай Америк бүсгүй Серена чансаа илүү гэдгээ харуулан 7:6 1:6 6:3 харьцаатай хожин дараагийн шатанд шалгарлаа. Мөн тэрээр карьерийнхаа 700 дахь хожлоо байгуулжээ. Серена хагас шигшээд Румины Симона Халептай тоглоно. Дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж байгаа Румины шилдэг тамирчин Симона Халеп шөвгийн наймд АНУ-ын Слоане Стефенсийг 6:1 7:5 харьцаатай хожжээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээн тоглолтууд өнөөдөр явагдана. Тэгвэл эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шөвгийн наймд Их Британийн тэргүүн теннисчин Энди Мюррей, Австрийн Доминик Тхиемтэй оноолт таарсан. Энэ тоглолтонд Энди Мюррей илүү гэдгээ харуулан 3:6 6:4 6:1 харьцаатай хожин дараагийн шатанд шалгарлаа. Тэрээр хагас шигшээд Чехийн Томас Бердихтэй тоглоно. Бердих шөвгийн наймд Аргентинийн Хуан Монаког 6:3 6:4 харьцаатай хожжээ. Тэгвэл шөвгийн наймын үлдсэн 2 тоглолт өнөөдөр явагдана. Өнөөдөр дэлхийн манлай Сербийн Новак Жокович, Испанийн Дэвид Феррэртэй тоглох бол азийн тэргүүн теннисчин Японы Кей Нишикори, АНУ-ын Жон Иснэртэй тоглоно. Нийт 13 сая долларын шагналын сантай Майамигийн нээлттэй тэмцээн ирэх сарын 4-ны өдөр өндөрлөж аваргуудаа тодруулна. Түрүүлсэн тамирчид 900 мянган доллар чансаандаа 1000 оноо нэмэх учиртай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20066
0 эможи
keyboard_arrow_up