Чөлөөт бөхийн азийн аваргын дэмжээнд өнөөдөр манай 5 бөх хүч үзнэ
Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮII дахь, эмэгтэй чөлөөт бөхийн ХҮII дахь аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын нийслэл Астана хотын “Даулет” спорт цогцолборт өнөөдөр эхэлж байна.
Эрэгтэй 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар, 65 кг-ын жинд спортын мастер Б.Батмагнай, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, эмэгтэй 58 кг-ын жинд Э.Нарангэрэл нар барилдана. Эрэгтэй 65 кг-ын жинд 14, эмэгтэй 58 кг-ын жинд 9 бөх хүч үзнэ.
Энэ тэмцээнд БНАСАУ, БНХАУ, Вьетнам, Иран, Казахстан, Киргиз, Монгол, Тажик, Тайвань, Тайланд, Туркмен, Узбек, Шри-Ланк, Энэтхэг, Япон зэрэг олон орны бөхчүүд хүрэлцэн иржээ. Тэмцээнд ФИЛА-гийн техникийн төлөөлөгчөөр тус холбооны Товчооны гишүүн, узбекийн иргэн Ахролжан Рузиев оролцож байна.
Өчигдөр болсон Азийн бөхийн хорооны ерөнхий ассамблейн нээлт дээр тус хорооны ерөнхийлөгч, БНСУ-ын иргэн Ким Чанг-Кью үг хэлэхдээ “Казахстан бол бөхийн өвөрмөц уламжлалтай, уламжлал нь жил ирэх бүр баяжин дэвжин байгаа орон юм. Астана хотод эхэлж байгаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр хэмжээнд болно өнгөрнө гэдэгт итгэж байна. Энэ тэмцээн нь ДАШТ, Азийн наадмын өмнөх том бэлтгэл болж байна.” гэж онцлон дурджээ.
Тэмцээнд эзэн орон шилдэг бөхчүүддээ сойж байгаагийн дотор азийн аварга Татьяна Аманжол, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Жулдыз Эшимова, ДАШТ-ний хүрэл медальт Екатерина Ларионова, олимпийн хүрэл, азийн гурван удаагийн аварга Гузель Манюрова, ДАШТ-ний хүрэл медальт Даулет Ниязбеков, азийн аварга Даурен Жумагазиев, олимпийн наадмын хүрэл медальт Акжурек Танатаров нар байна. Тэрчлэн киргизийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга Базар Базаргуруев, японы бөх ДАШТ-ний хүрэл медальт Нориюки Такацука, залуучуудын дэлхийн аварга Рисако Кавай, универсиад наадмын аварга Хикари Сугавара, ДАШТ-ний хүрэл медальт Сара, Дошо, азийн аварга Хирое Сузуки, БНХАУ-ын бөх, дэлхийн аварга Шанг Лан, узбекийн бөх ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга Рашид Курбанов, энэтхэгийн бөх, олимпийн мөнгөн медальт Сушил Кумар, ДАШТ-ний мөнгөн медальт Амит Кумар, ДАШТ-ний хүрэл медаль Бжаранг, олимпийн хүрэл медальт, азийн аварга Йогешвар Дут, ираны бөх, дэлхийн аварга Мустафа Хоссейхани, БНАСАУ-ын бөх олимпийн хүрэл медальт, дэлхийн болон азийн аварга Кинг Ил Янг зэрэг алдар цуутай бөхчүүд барилдана.
Тэмцээний хуваарь
Дөрөвдүгээр сарын 23. Лхагва гариг
10.00-13.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 86, 125, эмэгтэй чөлөөт бөхийн 58 кг-ын жингүүдийн бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан
19.0-19.30 Нээлтийн ажиллагаа
19.30-21.30 Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 86, 125, эмэгтэй чөлөөт бөхийн 58 кг-ын жингүүдийн бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
Дөрөвдүгээр сарын 24. Пүрэв гариг
10.00-13.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ийн жингүүдийн бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан
18.00-20.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 61, 70, 74, 97, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ын жингүүдийн бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах
Дөрөвдүгээр сарын 25. Баасан гариг
10.00-13.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн
урьдчилсан болон дагах тойргийн барилдаан
18.00-20.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 53, 55, 60, 63, 69 кг-ын жингүүдийн бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах
Дөрөвдүгээр сарын 26. Бямба гариг
10.00-13.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 75 кг-ийн жингүүдийн бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан
18.00-20.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 75 кг-ын жингүүдийн бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах