Монголын сагсан бөмбөгчид легионеруудыг буулган авлаа

2015 оны 2 сарын 02

  Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны үндэс ний супер лигийн “Бүх оддын тоглолт” өнгөрсөн өдрүүдэд Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 30-нд Монгол Улсын залуучуудын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан АНУ-ын легионеруудтай халз тоглолт хийв. Энэ жилийн үндэсний супер лигийн “Бүх оддын тоглолт”-ын нэг онцлог нь 11 багт ирээд буй 26 легионер тоглогчийг хоёр баг болгон хуваан өрсөлдүүлэхээр болсон. Монгол Улсын залуу чуудын шигшээ баг нь 2013 онд дэлхийн универсиад наадамд Япон, Филиппинийг хожин шигшээ 16-т, Оюутны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн хожил нэг хожигдолтойгоор тавдугаар байрт шалгарч байсан юм. Улмаар энэхүү багийн үндсэн бүрэлдэхүүнээр ирэх долдугаар сард БНСУ-д болох дэлхийн универсиад наадамд, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болоод байгаа билээ. Харин энэ удаад тэд ялагдал хүлээж, 89:100- аар АНУ-ын легионеруудын ялалтаар тоглолт өндөрлөв.

Мөн энэхүү тоглолтын үеэр үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг спрайт слэйм данкийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд Жонатан Блейк түрүүлэв. Үндэсний супер лигийн хоёр дахь өдөр дасгалжуулагчдын санал дээр үндэслэн шалгарсан супер лигийн тоглогчид нэг баг болон өрсөлдсөн юм Улмаар “Бүх оддын тоглолт”-ын Баруун бүсэд холбон тоглогчоор Крис Лоусен, хамгаалагчаар Т.Санчир, довтлогчоор О.Ууганбаяр, хүчний довтлогчоор С.Өрнүүнбилэг, төвийн тоглогчоор Ф.Холмс нар тоглов. Зүүн бүсэд холбон тоглогчоор О.Сэргэлэн, хамгаалагчаар Ц.Азбаяр, довтлогчоор Г.Цэнгүүнбаяр хүчний довтлогчоор Б.Билгүүн, төвийн тоглогчоор Т.Акол нар эхний тавд багтжээ. Хоёр багийн тоглолт 106:118-аар Зүүн бүсийнхний ялалтаар өндөрлөсөн юм.

“Бүх оддын тоглолт”-ын тоглолтын сүүлийн өдөр буюу өчигдөр Инчёны Азийн наадамд Монгол түмнээ баясгаж, шилдэг наймд шалгарсан шигшээ багийн залуус АНУ-аас ирсэн легионеруудын багийн эсрэг халз тоглолт хийлээ. Гурав дахь удаагаа зохион байгуулсан энэхүү халз тоглолтод 2013 онд легионеруудын баг хожсон бол өнгөрсөн онд Монгол Улсын шигшээ баг цаг дуусах мөчтэй зэрэгцэн хожил байгуулсан билээ. Энэ удаад ч гэсэн Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан илүүрхэж АНУ-ын легионеруудыг 102:98-аар буулган авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16948
0 эможи
keyboard_arrow_up