Монгол теннисчин Олон улсын тэмцээнд түрүүлэв

Талбайн теннисний хүүхдийн олон улсын тэмцээн ӨМӨЗО-ы Хөх хотноо энэ сарын 15-17-нд боллоо. Уг тэмцээнд гурван насны ангилалд эх орноо төлөөлөн 13 тамирчин өрсөлдсөнөөс 10 хүртлэх насны ангилалд Ч.Маралгоо алтан медаль хүртжээ. Хүүхдийн шигшээ багийн тамирчин тэрбээр Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд сурдаг юм байна. Мөн хүүхдийн шигшээ багийн тамирчин Н.Эрдэнтуяа хүрэл медаль хүртэж, Б.Төрхүү, Д.Мэндбаяр нар дөрөвдүгээр байрт шалгарчээ. Тэмцээнд оролцсон тамирчдыг Д.Ганбаатар ерөнхийлөгчтнэй “Макс” групп ивээн тэтгэж бэлтгэл сургуулилалт, тэмцээнд оролцох зардалд нь тусалсан байна. Дашрамд дуулгахад, Вьетнам улсын Хо Ши Мин хотноо энэ сарын 18-29-нд талбайн теннисний 14 хүртлэх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд оролцохоор “Гурван тамир” сургуулийн багш М.Баярхүү дасгалжуулагчтай Б.Мишээл, Б.Билэгт, П.Энхжавхалан, Д.Хэрлэн, Ч.Нандинцэцэг, Э.Ариун-Эрдэнэ нар өчигдөр хүлгийн жолоо заллаа.









