Үндэсний Супер Лигийн тоглолтууд боллоо

2014 оны 12 сарын 28

Эмэгтэйчүүдийн Үндэсний Супер Лиг 2 хоног завсарласны эцэст өнгөрсөн баасан гарагт үргэлжлэн явагдлаа. Нэг ч хожигдолгүй лигийг тэргүүлж байсан Этүгэн СБЛ Хүлэгүүд баг энэ өдөр туршлагатай, хүчирхэг Баянгол Фалконс багтай учраа таарсан. Фалконсчууд сүүлийн тоглолтондоо ШУТИС Шаркс багт Майжаргалын гайхалтай шидэлтээр хожигдоод байсан.

Этүгэн СБЛ Хүлэгүүд багийн хувьд хамгаалалт нь онцгой сайн болж, хамгаалалтаас довтолгооноо эхлүүлж байгаа. Энэ тоглолтонд тэдний энэ тактик амжилттай хэрэгжиж, 3-р үе хүртэл оноог тэнцүүхэн байлгаж чадсан. Гэсэн хэдий ч 4-р үед туршлагатай Фалконс баг энэ хамгаалалтыг сэтэлж, будагтай талбайд олон оноо авсан. Фалконсын самбарын тоглогчид болох Б.Солонго 24 оноо, 17 самбар, Ж.Мөнхсувд 22 оноо, 16 самбар авсан бол холбон тоглогч Цолмон 10 оноо, 9 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн тэдний гол тоглогч Д.Ганзул энэ тоглолтонд оролцоогүй. Харин Этүгэн СБЛ Хүлэгүүд багаас Б.Ундрах 15 оноо, Янжинцэрэн 11 оноо, 9 самбар авсан бол багийн ахлагч Булбул 11 оноо, 10 бөмбөг таслалт гэсэн онцгой нэгэн дабль хийсэн.

Улмаар Баянгол Фалконс баг энэ тоглолтонд 75-58 харьцаатай хожиж, Хүлэгүүдэд улирлын эхний хожигдлыг нь амсууллаа. Мөн 2 баг адилхан 3 хожил, 1 хожигдолтой болж, хоорондын хожлоор Фалконс баг Эмэгтэй Үндэсний Супер Лигийг тэргүүлж эхэллээ.

ДОРНОД ТАНАН ГАРЬД vs ХАН ТАЛСТ ИРВЭСҮҮД – 109:97
Үндэсний Супер Лигийн эхний улирлын аварга Дорнод Танан Гарьд ээлжит тоглолтоо Хан Талстын Ирвэсүүд багтай хийсэн. Гарьдуудын хувьд муу мэдээ байсан нь багийн ахлагч Б.Мөнхболд өмнөх тоглолтонд авсан шагайны бэртлийн улмаас энэ тоглолтыг өнжсөн. Харин мөн бэртэл нь сэдэрсэн гэж байсан довтлогч О.Ууганбаяр тоглолтонд оролцлоо.

Хэдийгээр Гарьдууд энэ тоглолтонд цөөхүүлээ байсан ч, гайхалтай тоглолт үзүүллээ. Ялангуяа энэ улиралд маш сайн тоглолт үзүүлж байгаа Ц.Азбаяр, бүтэн тоглолтын турш талбай дээр байж, 22 довтолгооныхоо 13-г нь амжилттай болгон, 59,1 хувьтай довтолж, мөн холын зайн 6 шидэлтээ амжилттай болгосноор, 40 оноо авч, шилдэг тоглолтоо үзүүллээ. Мөн John Gilchrist 22 оноо, 14 самбар, 7 оновчтой дамжуулалт, О.Ууганбаяр 20 оноо, 11 самбар, М.Дорждавга 13 оноо, 12 самбар авчээ.

Харин Ирвэсүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байсан ч, тэд энэ улиралд орон гаран тоглолт гаргаж байгаа. Энэ тоглолтонд Teeng Akol 22 оноо, 18 самбар, Баярбат 70 хувьтай довтолж, 18 оноо, Цэвэлдорж 15 оноо авчээ. Улмаар 109:97 харьцаатай Дорнод Танан Гарьд баг хожиж, улирлын 4 дэх хожлоо авлаа.

ГЭГЭЭН ХАНГАЙ ЛИДЕР vs СБЛ ХАСЫН ХҮЛЭГҮҮД – 84:86
Өнгөрсөн улирлын аварга СБЛ Хасын Хүлэгүүд баг улирлын 5 дахь тоглолтоо Гэгээн Хангай Лидер багийн эсрэг хийлээ. Энэ тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн гайхалтай тоглолт болсон. Тоглолтын 4-р үед Лидерүүдийн төвийн тоглогч О.Очирбатын 2 удаа дараалан цагариган дээрээс довтолсоноор, Лидерүүд онооны тэргүүллийг авсан. Лидерүүдээс энэ тоглолтонд Jonathan Blake 30 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт, О.Очирбат 22 оноо, 11 самбар, Э.Дөлгөөн 11 оноо, 17 самбар авчээ.

Гэсэн хэдий ч залуу, туршлага багагтай энэ баг, тэргүүллээ баталгаажуулах, бөмбөг эзэмших тал дээр алдаа гаргаж, бөмбөгаа алдаж байлаа. Харин лигийн аварга Хүлэгүүд энэ алдааг нь өршөөсөнгүй, тухай бүрт нь оноо болгож байлаа. Хүлэгүүдээс А.Бямбадорж 23 оноо, 6 самбар, Б.Билгүүн 20 оноо, 5 самбар, Phil Jones 17 оноо, 7 самбар, О.Сэргэлэн 16 оноо авч, 7 оновчтой дамжуулалт өгчээ.

Улмаар үндсэн цаг өндөрлөхөд, 0,3 секунд дутуу байхад, Хүлэгүүд бөмбөг эзэмших эрхтэй болсон. Энэ үед О.Сэргэлэн нүүрний шугамаас дамжуулалт өгч, багийн лидер Б.Билгүүн шууд хатгаж оноо болгосноор, гайхамшигтай хожлын шидэлт хийсэн.
Ингэснээр гайхалтай тоглолтьн эцэст 86:84 харьцаатай СБЛ Хасын Хүлэгүүд баг хожиж, улирлын 2 дахь хожлоо авлаа.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14785
0 эможи
keyboard_arrow_up