Н.Баярмаа 16 дахь удаагаа түрүүллээ
2014 оны хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн “АСА” циркэд боллоо. Тэмцээнд 17 багийн 150 тамирчин эрэгтэй долоо, эмэгтэй найман жинд өрсөлдөв. “Самбуу сан” клубийн тамирчин А.Бум-Аюуш огцом өргөлтөөр 60 кг-ыг өргөж өсвөрийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулав. Мөн түлхэлттэй өргөлтөөр 73 кг-ыг өргөж өсвөрийн рекордыг зургаан кг-аар шинэчиллээ. Ингэснээр тэрээр нийлбэр өргөлтөөр 133 кг өргөж, спортын мастерын болзол хангав. Мөн “Алдар” спорт хорооны тамирчин Ө.Даваагомбо огцом өргөлтөөр 96 кг өргөж өсвөр үеийн рекорд амжилтыг нэг кг-р ахиуллаа. Мөн тэрээр 207 кг өргөж, спортын дэд мастерын болзол хангасан байна. “Алдар” спорт хорооны тамирчин Ч.Март 238 кг өргөж спортын мастерын болзол хангажээ. Үүнээс гадна энэ удаагийн тэмцээний онцлох амжилтын эзнээр гавьяат тамирчин Н.Баярмаа тодорч байгаа юм. Тэрээр улсын аваргад 16 дахиа түрүүлж, 114 удаа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна.