Ш.Цэвэлмаа: Багш, шавь хоёр зорилгынхоо нэг хэсгээс биелүүлсэн
“Женко” клубээр овоглон тэмцээнд оролцож явсан Ш.Цэвэлмаа өдгөө Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж буй. Түүний шавь дэлхийн аварга М.Уранцэцэг, ОУХМ П.Лхамдэгд, Ц.Наранжаргал, А.Цолмон, Г.Саранзаяа нар спортод гаргасан амжилтаараа жүдогийн тамирчдыг тэргүүлж яваа. 2013 он багш, шавь хоёрт алдар хүнд, амжилт бүтээл, шагналын хур далласан одтой, хиймортой жил байв. Монголын спортын түүхэнд шавь нь багштайгаа шилдгийн шилдгээр шалгарч, “Бөртэ чоно” гардсан тохиолдол ховор. Ш.Цэвэлмаа шавиа жүдогийн спортод хөл тавих үеэс нь дасгалжуулан, алдрын тавцан руу хөтөлж, дэлхийд данстай тамирчин болгож чадсан юм.
-Жүдо бөхөөр хичээллэж байгаа хүүхдүүдийг хараад бахархах сэтгэл төрлөө. Та ч гэсэн тэдэн шиг барилдахаар тэмүүлж ирдэг байсан болов уу?
-Жүдогоор хичээллэж байгаа шавь нараа харахаар урам зориг төрдөг. Би энэ спортод хожуу хөл тавьсан. Есдүгээр ангийн сурагч байхдаа Ч.Машбат багшийн удирдлагад анх хичээллэж байлаа. Тэр үеэс спорттой хувь заяагаа холбосон. Би шавь нартаа ээж, эгч, найз шиг нь хандахыг боддог. Хүүхэд болгон өөр зан араншинтай тул тохируулж харилцах асуудал гардаг. Нэгийг нь зэмлэж байхад нөгөөг нь аргадна.
-Жүдогийн тамирчид Японд хамтарсан бэлтгэл хийхээр хэзээ явах вэ?
-Бид баасан гаригийн өглөө эх орноосоо мордоно. Тэндээс ирээд тавдугаар сард Азербайжаны нийслэл Баку хотод болох тэмцээнд оролцох юм. Манай жүдогийн эрэгтэйчүүдийн шигшээ баг хамтарсан бэлтгэл хийхээр Герман улсыг зорьсон .
-Гавьяат тамирчин Т.Эрдэнэт-Од танд дасгалжуулагчаар ажиллах санал тавьсан гэдэг. Тэр үед амжилтаа ахиулах уу, эсвэл аль нэг клубт харьяалагдаж, дасгалжуулагч болох уу гэдгээ шийдэх сонголттой тулгарсан байх л даа?
-1998 онд “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсний дараахан Т.Эрдэнэт-Од гавьяат тааралдаад, “Чи “Аварга” дээд сургуульд өдөр хичээллэдэг дугуйлангийн дасгалжуулагчаар ажиллаач” гэж санал тавьсан. Намайг тэнд дасгалжуулагчаар ажиллаж байхад 1999 онд П.Лхамдэгд, Б.Уранчимэг нар миний шавь болж, их спортод хөл тавьж байлаа. 2000 оноос хойш би гурван жил “Женко” клубийн нэр дээр тэмцээнд оролцсон. Тэгтэл нэг өдөр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ах уулзаад “Чи манай клубийн нэр дээр тэмцээнд ордог тамирчин юм байна. Чамд өнөөдрөөс эхлээд цалин олгоно. Эмэгтэй багийн дасгалжуулагчаар ажиллаарай” гэсэн. 2001 оноос 30 мянган төгрөгийн цалин авч, ажлын гараагаа эхэлж байлаа.
-Охид өөр олон зүйл рүү сэтгэл тэмүүлж татагддаг. Таны сонирхлыг бөхийн спорт юугаараа татав. Жүдо эмэгтэйчүүдэд хүнд спорт шүү дээ?
-Бөх болно гэж бодож байгаагүй. Хүүхэд байхдаа МҮЭ-ийн Соёлын төв ордны дуу, бүжиг, уран нугаралтын дугуйланд явдаг байлаа. Тэр үед намайг өөр өөс минь өөр дэмжих хүн байсангүй. Би найман хүүхэдтэй айлын охин. Аав маань тээврийн жолооч, ээж бага ангийн багш. Намайг сургууль, дугуйланд өдөр бүр хүргэж өгөөд, авах завтай хүн байгаагүй. Баянхошууны Зүүн салаанд гэр байдаг болохоор холоос дугуйланд явах хэцүү санагддаг байж билээ. Долдугаар ангид сурч байхдаа жүдогийн улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат багш Ч.Машбат шавь нартайгаа зурагтаар гарахыг үзээд жүдо бөхөөр хичээллэхээр шийдсэн. Бөхийн спортод сэтгэл татагдсан өдр өөс өө л Ч.Машбат багшийг асууж сурагласаар байгаад олсон. Бүжгийн дугуйланд явдаг хүүхэд жүдогоор хичээллэнэ гээд ирэхэд багш эхэндээ их гайхсан. Би бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн өдрөөс өө л айдас эргэлзээгээ ялж, саад бэрхшээлийг даван туулж, амжилт гаргах ёстой гэдгийг сайн ойлгосон.
-Та тамирчин байхдаа ямар амжилт гаргаж байв?
-1995, 1996 онд самбо, жүдо бөхөөр 52 кг-д барилдаж, улсын аварга болж байлаа. Мөн 2000 онд самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2001 онд хүрэл медаль хүртсэн.
-2013 он багш, шавь хоёрын хувьд аз, амжилт дагуулсан бахархлын жил байлаа. “Бөртэ чоно” наадамд шавьтайгаа хамт шилдгийн шилдгээр шалгарах мөчид танд олон зүйл бодогдсон биз?
-Тэр үед Японы тамирчныг ялсан шавийн маань бахархмаар барилдаан бодогдож байлаа. Гэхдээ М.Уранцэцэгийн гаргасан амжилтыг би ганцаараа өмчлөх ёсгүй л дээ. Түүний амжилтад шигшээ багийн хамт олон, үүнээс өмнөх болоод одоогийн дасгалжуулагчид, “Женко” клуб, гэр бүл, найз нөхөд гээд олон хүний итгэл найдвар тус, дэм нөлөөлсөн. Би жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдоод удаагүй байхдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шавиа амжилттай оролцуулж чадсандаа баярладаг. Шилдэг дасгалжуулагчийн шагнал гардаж авахдаа 2016 оны Бразилийн олимпийн талаар их бодсон. Өөрийгөө шагналын тавцанд гарна чинээ огтхон ч төсөөлөөгүй надад үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдсан.
-Шавиа анх хараад дасгалжуулагчийн хувьд хэрхэн дүгнэж байсан бэ?
-М.Уранцэцэг “Женко” клубт 2006 онд анх хөл тавьсан. Турьхан биеийн хаанаас нь гардаг юм гэмээр бяртай, шөрмөстэй охин ирж байлаа. Манай нөхөр М.Уранцэцэгийг харчихаад “Чамд мундаг охин шавь орлоо доо. Энэ охин хэзээ нэгэн цагт юм дуулгана” гэдэг байсан. Харин би “Уранцэцэг бярнаас цаашгүй, мэх мэдэхгүй, яаж бөх болно доо” гэж боддог байв. Намайг шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртэхэд нөхөр маань “Спортод өөрийгөө харамгүй зориулж, сэтгэл гарган зүтгэсний тань үр дүн гарлаа. Би чинийхээ уйгагүй хөдөлмөр, шавь нарын тань сайхан амжилтаар бахархаж байна, улам их хичээгээрэй, амжилт хүсье” гэж урам хайрласан шүү.
-Та тэр үед шавиа чамладаг л байжээ дээ?
-Ганц хийдэг мэх нь этэх. Заримдаа “Чамайг амжилт гаргана гэдэгт итгэл төрөхгүй байна. Чи ядаж мэх сураач” гэж зэмлэдэг байлаа. Шавийн маань барилдаан аажмаар сайжирсан. Бяртай хүнд хэвтээ барилдаан хамгийн чухал байдаг. Сууж үүрэх мэхийг тун сурмаг сурсан. Барилдах тусам сайжирч, техниктэй болсон. Тэмцээнд оролцох бүртээ барилдахад бяр бус ухаан, мэдрэмж чухал байдаг юм байна гэдгийг сайн ойлгосон байх. Мэх хийхээс гадна өрсөлдөгчөө мэдэрч барилдах нь чухал гэдгийг мэддэг болсон. Шавь маань 2007 онд кураш, 2010 онд самбо, 2013 онд жүдо бөхийн дэлхийн аварга тамирчин болсон. Бөхийн гурван төрл өөр гурван жилийн давтамжтай дэлхийн аварга болно гэдэг тамирчин хүнд ховор тохиох аз. Би М.Уранцэцэгээс гадна чөлөөт бөхийн Б.Одончимэг, Г.Наранчимэг, Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Ц.Наранжаргал, ОУХМ П.Лхамдэгд, Б.Уранчимэг, Б.Мөнгөнчимэг, А.Баттуул, А.Цолмон, гээд олон шавьтай. П.Лхамдэгд сайн барилддаг юм. Олимп, ДАШТ-ээс бусад тэмцээнд алтан медаль хүртчихсэн тамирчин. Би шавь нартаа өндөр шаардлага тавьдаг. Тэр ч хэрээрээ зарчимч байж, сурсан зүйлээ харамгүй хуваалцахыг хүсдэг.
-Таныг тамирчид хатуу дасгалжуулагч гэж ярьдаг юм билээ. Шавь нараа амжилттай барилдаад байхад л муу гээд загнадаг гэсэн?
-Дасгалжуулагч хүн тамирчнаа ялбал хамт ялж, ялагдахад нь хамт ялагддаг юм. Ялалт, ялагдал бол миний хэрхэн хөдөлмөрлөснийг харуулах үнэлгээ. Заримдаа шавь нартаа Цэвэлмаа багш мөн үү гэж бодогдохоор зэмлэх үе бишгүй гардаг. Бүр тэвчээр алдвал цохиод авах ч энүүхэнд. Өөр клубийн охид “Ямар азаар Ш.Цэвэлмаа багшийн шавь болоогүй юм бэ” гэж ярьдаг гэнэ лээ. Бухимдлыг маань ойлгож, зөв хүлээж авсан хүнд бол би тийм ч хатуу санагдахгүй л байх. Миний шавь нарын олонх нь охин. Шавь нараа арваннэгдүгээр ангид ороход ямар сургуульд оруулж, ямар мэргэжил эзэмшүүлбэл зүгээр вэ гэж аав, ээжтэй нь зөвлөж ярилцдаг. Тиймээс тэдэнд “Спортын амжилтыг хүн залуу насандаа гаргадаг. Тиймээс ирээдүйн амьдралдаа хэрэг болох мэргэжил сонгож, эзэмш. Эмэгтэй хүний амьдралдаа хийх хамгийн том сонголт бол хань байдаг. Өөрийг тань ямар ч үед ойлгож чадах хүнтэй гэрлэх хэрэгтэй” гэж захидаг юм. Олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрөө талаар болгохгүйн тулд дасгалжуулагч хүн тамирчдаа сайн судалж, өөрийгөө дайчлах боломж олгодог байх хэрэгтэй.
-Ажиглаж байхад та шавь нарынхаа зан чанарт тохируулж харилцдаг хүн шиг санагдлаа?
-Шавь нарынхаа зан араншингийн онцлогт тохируулан харилцах хамгийн чухал. Тиймээс хүн бүхэнтэй түлхүүр тааруулж харилцдаг. Нэгэнд нь урам төрүүлэх “Чи заавал ял. Чамд түүнийг давах нөөц бололцоо бий”, нөгөөд нь хор шар төрүүлэх “Чи олигтой барилдаж чадахг үй байж яаж амжилт гаргах юм. Хийж байгаа бэлтгэл сургуулилалт чинь сэтгэлд хүрэхг үй байна. Ийм байвал амжилтын тухай бодоод ч хэрэгг үй” гэх зэргээр хурцалж өгдөг. Барилдааны явцад дасгалжуулагч тамирчнаа амжилтад хүргэх оновчтой зөв үг хэлэх хэрэгтэй байдаг юм. Дасгалжуулагч хүн тамирчнаасаа илүү сэтгэл зовнидог. Тэр ч хэрээрээ өөртөө ачаалал өгч, хямрах үе цөөнгүй. Өндөр, үүрэг хариуцлага нуруундаа үүрч явдаг болохоор заримдаа дарамттай санагддаг тал бий.
-М.Уранцэцэгийг дайчин, хэний ч дор амархан сөхрөхгүй гэж боддог шартай зан нь амжилтад хүргэсэн болов уу гэж боддог юм?
-Уранцэцэгт дутагдлыг нь шүүмжлээд хэлэхэд гаднаа хэнэггүй царайлж хүлээж авахгүй байгаа мэт харагддаг ч дотроо бол их боддог. Тийм үедээ алдаа, дутагдлынхаа талаар дүгнэлт хийдэг юм шиг санагдсан. Ер нь хүн алдаж, онож байж л суралцдаг. Бүх зүйл дардан байна гэж хэзээ ч үгүй. Би алдаанаасаа суралцсан хүнийг их зүйл хождог гэж боддог. Тамирчин хүнд төрийнхөө дуулалыг эгшиглүүлээд зогсох мөч хамгийн сайхан агшин байдаг. Тиймээс амжилт гаргахын төлөө тамирчид спортын төлөө олон зүйлээ золиослоход хүрдэг. Үнэнийг хэлэхэд надад шавиа дэлхийн аварга болчихно гэж бодоогүй, харин медаль хүртчихээсэй гэсэн горьдлого байсан. Тамирчин хүн өөрийнхөө хүссэн амжилтад хүрэхээр сэтгэл нь ханах гээд байдаг тал бий. Би М.Уранцэцэгийг мөнгөн медалийн болзол хангахад алтын төлөөх барилдаанд сэтгэл нь ханачихсан гарах вий дээ гэж эмээж байсан. Дотроо бол шавиараа бахархсан хэрнээ түүнийгээ харуулахгүйг хичээсэн. Хэрвээ би баярлаж, догдолбол тамирчин дагаад л хөөрцөглөнө. Сэтгэл зүйд нь дараагийн барилдаанд ялагдсан ч яах вэ гэх бодол төрнө шүү дээ.
-Багшийн хувьд шавьдаа амжилт ойрхон байгааг мэдэрч, хөөрсөн сэтгэлийг нь дарж байсан байх нь?
-Тийм ээ. Хэсгийн аваргын төлөө барилдаж ялчихаад, баярлаж гараа өргөхөд нь “Юун сүртэй юм чи. Чамд дараагийн барилдаан байгаа шүү. Яаран баярлах хэрэггүй” гэхэд “За багш аа гээд” сулхан дуугараад дэвжээнээс буусан. Тэр үед шавьдаа “Миний охин тайван бай. Одоохондоо баярлах эрт байна” гэж хэлж, хөөрсөн сэтгэлийг нь дарж байлаа. Олимпийн аварга Бразилийн бөх Сара Менезестийг хоёр юүко үнэлгээгээр хожиж, алтан медалийн төлөө Японы тамирчин Харуна Асамитай хүч үзэхээр болсон. М.Уранцэцэг бэлтгэл дээрээ давтаж байсан мэхээ хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө зориулж хийсэн.
Харүна Асами хоёр ч удаа дэлхийн аварга болсон, яахын аргагүй Уранцэцэгийн жингийн босоо бөх. Ойрын дөрвөн жилд болсон олон улсын тэмцээнд түүнийг ялсан бөх нэг ч байгаагүй. Шавь маань тэмцээнд түүнтэй олон удаа таарч байсан болохоор барилдааных нь арга, барил, мэхийг нь сайн мэднэ. Түүнээс илүү гарахын тулд хөдөлгөөн бүрийг нь алдахгүй харж, хийдэг мэхнүүдийг нь судалсан. Тэр үед барилдааных нь онцлогт тааруулж, хожиж болох бүх хувилбарыг харж, мэх зохиох хэрэг гарсан. Түүнийг цэвэр ялахын тулд өчих мэх хийх хэрэгтэй гэж шийдсэн. Тэгээд шавиасаа өмнөх барилдаанд түүнд хэрхэн ялагдаж байсныг асуусан. Хамгийн сүүлд юүко үнэлгээ, торгуулиар хожигдож байсныг санаад ”Чи түүнтэй хүч тэнцүү барилдсан. Тиймээс аль болох тайван байж, шийдсэн мэхээ хийгээрэй” гэж захисан. Шавь маань дэвжээнд гарахын өмнө “Би аваргын төлөө барилдахдаа танаас энерги авмаар байна” гээд намайг тэврээд “Багш аа би ялна, амлая” гэж итгэлтэйгээр хэлээд гарсан. Гараад л ялсан. Багш, шавь хоёр зорилгынхоо нэг хэсгээс биелүүлсэн. Биднийг хойшдоо олон тэмцээн, хүлээж байгаа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх хоёр охин, нэг хүүтэй. Надад гэр бүлдээ зориулах цаг зав хомс гардаг. Өглөө гараад орой гэрийн бараа хардаг болохоор анхаарал, халамж тэр бүр тавиад байж чаддаггүй. Хань маань ар гэрийн бүх ажлыг зохицуулж, санаа зовохгүй байлгаж чаддаг. Охидоо төрүүлснээс хойш би зөөлөн болсон. Би ажилдаа одоо дассан болохоор зовлон гэж бодохоо больсон. Сүүлийн үед шавь Уранчимэг маань надад их тус болж байгаа. Ажлыг маань ойлгодог болохоор хүүхдүүдийг минь надаас илүү халамжилдаг. Би эцэг, эхийн хуралд сууж үзээгүй. Шавь маань миний өмнөөс хүүхдүүдийн хуралд сууж, багштай нь уулзаад, хичээл номондоо ямар байгааг нь асууж, зөвлөгөө авдаг юм. Би хэдий муу ээж ч гэлээ өөрийгөө аз жаргалтай өнөр гэр бүлийн эзэгтэй гэж боддог шүү.
-Сэтгэл тайван ажиллаж байгааг тань сонсоход хань тань спортын жаргал, зовлонг сайн ойлгодог хүн байна?
-Нөхрийг минь М.Мөнгөншагай гэдэг. Даруу, тайван зантай хүн бий. Олон үггүй, хааяа жинтэй үг хэлчихнэ. Хайр, халамжаа харц, үйл хөдлөлөөрөө харуулахыг хичээдэг. Би нөхрийнхөө итгэл даадаг занд нь татагдсан хүн дээ. Хааяа “Чи хүний хүүхдүүдийг хайрлаж, амжилт руу хөтлөөд байдаг хэрнээ өөрийнхөө хүүхдүүдийг халамжилж асрах тал дээр хайнга хандах юм. Бид дөрөв чиний анхаарлаас хол байх юм даа” гэж гомдоллодог юм. Сүүлийн үед нөхрийнхөө шүүмжлэлийг хүлээн авч, анхаарал, халамж тавих гэж хичээдэг болсон.
-Охидоо тамирчин болгох уу?
-Дунд охиноо спортоор хичээллэх болов уу гэж дотроо горьддог. Гэхдээ хүүхдүүд минь өөрийнхөө хүсэл, сонирхлоор шийдэх биз. Түүнээс биш “Та нар жүдогоор заавал хичээллэ” гэж шахаж шаардахгүй. Хүнд хүсэхгүй зүйлийг нь хүчээр зааж, сургавал хэзээ ч амжилт гаргахгүй шүү дээ.