“Рио-2016” олимпийн тэтгэлэгт манай улсаас 17 тамирчин хамрагдав

2014 оны 12 сарын 10

“Рио-2016” олимпийн тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрт манай улсаас 17 тамирчин хамрагдлаа. Олон улсын олимпийн хорооноос ирэх 2016 онд Бразил улсын Рио-дэ-Жанейро хотод болох олимпийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, спортын ганцаарчилсан төрлөөр хичээллэж буй эрхээ авч чадах, медаль хүртэх магадлалтай тамирчдад дэмжлэг үзүүлэв.

Тус тэтгэлэгт МҮОХ-ноос Спорт хороодын хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн анкетийг ОУ-ын Олимпийн хороонд илгээснээс 17 тамирчин тэтгэлэгт тэнцэж олимпийн тэтгэлэг хүртэх эрхтэй болсон байна.

Жүдо бөхийн төрлөөр МУГТ С.Ням-Осор, Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар тэтгэлэг хүртсэн бол чөлөөт бөхийн төрлөөр МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, ОУХМ Б.Номин нар хөтөлбөрт тэнцсэн байна. Мөн боксын спортоор ОУХМ Д.Отгондалай, М.Нандинцэцэг, Б.Чинзориг нар тэтгэлэгээ гардсан бол буудлагын төрлөөр Т.Баярмаа, Ц.Мөнхзул, О.Янжинлхам, байт харвааний Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, хүндийг өргөлтийн спортоор М.Анхцэцэг, хөнгөн атлетикийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа нар шалгаруулалтад тэнцжээ.

Эдгээр тэтгэлэгт хамрагдсан тамирчид улирал бүр 1000 америк доллар авах юм. Мөн тус тэтгэлэгт дасгалжуулагчид, спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар хамрагддаг юм. Дасгалжуулагч улиралд нэг удаа 600 доллар, спорт холбоодод улиралд нэг удаа 300 доллар өгдөг аж.

Тэтгэлэгт хамрагдсан тамирчид сахилга батын зөрчил гаргасан болон допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэх, олимпийн эрхээ авч чадаагүй тохиолдолд тэтгэлгээс хасагдана. Өмнө нь манай улсаас 2008 оны Бээжингийн олимпийн тэтгэлэгт найман тамирчин тэнцэж, бүгд олимпийн эрхээ авснаар хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж байсан бол 2012 оны Лондонгийн олимпийн тэтгэлэгт 10 тамирчин хамрагдаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13611
0 эможи
keyboard_arrow_up