"Монгол шагайн харваа" Юнеско-д бүртгэгдлээ

2014 оны 11 сарын 28

Парис хотноо болж буй ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит хуралдаанд гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг бүртгэхээр болсон. Үүнд Монгол улсаас Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэн авчээ.

Өмнө нь манай улсаас ЮНЕСКО-д уран бичлэг, монгол гэр, хөөмий, морин хуур, уртын дуу, бий биелгээ, тууль хайлах, цуур хөгжим, үндэсний баяр наадам, лимбэний битүү амьсгаа, шувуугаар ан хийх уламжлалыг бүртгүүлсэн байна. 2001 онд Монгол Алтайн хадны сүг зургийн цогцолборыг түүх соёлын дурсгалт газраар, 2003 онд Увс нуурын ай сав газрыг байгалийн өвөөр, 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг тус тус бүртгүүлж байжээ.

“Олон зуун дамжиж монголчууд наадаж ирсэн нүүдлийн соёлын уламжлал бүхий байгаль орчинтойгоо уялдаа холбоотой шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бөгөөд эхэн үедээ хаад ноёд өргөөндөө зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмнийх болж, эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжсөн байна.

Халх тойрмын шагайчид өнгөрсөн зууны эхэн үе хүртэл “хур орсон ч, хутга сийчсэн ч цуглана шүү” гэсэн болзоо тавьж жилд нэг удаа монос цэцэглэх цагаар эргэн уулзаж нааддаг байжээ. Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу буюу одоогийн Булган аймаг бол шагайн харвааны өлгий нутаг ажээ. Шагайчид тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг “тойром” гэж нэрийдэн хожим шагайчид цугладаг газрыг тойром гэх болсон бололтой хэмээн судлаачид тайлбарладаг.

Өнөөдрийг хүртэл шагайн харваа нь үндэсний спорт болтлоо хөгжиж иржээ. Иймд уламжлал, түүх соёлын олон талын ач холбогдолтой ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан “Монгол үндэсний шагайн харваа нь зуун дамжиж монголчууд наадаж ирсэн нүүдлийн соёлын уламжлал бөгөөд байгаль орчинтойгоо уялдаа холбоотой мөн багийн хамт олныг дэмжсэн хүний тэсвэр тэвчээрийг шалгасан эрүүл мэндэд тустай наадгай юм. Ийнхүү бүртгэсэн нь Монгол улсаас хүн төрөлхтөнд оруулж байгаа үнэт өв юм” хэмээн хэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12888
0 эможи
keyboard_arrow_up